CRI Монгол радио
“Сан Францискогийн алсын хараа”-г хэрэгжүүлэх арга зам
АНУ-ын Сан Франциско хотын ойролцоох Филоли эдлэн нь байгалийн үзэмжээрээ алдартай байдаг бол 15-ны өдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ахин орлоо: Энд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар 4 цаг орчим ярилцаж, улс төр, дипломат харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, дэлхийн засаглал, цэргийн аюулгүй байдал зэрэг салбарт 20 гаруй зөвшилцөлд хүрч, ирээдүйд чиглэсэн “Сан Францискогийн алсын хараа”-г бүрдүүлэн, Хятад, Америкийн харилцааг сайжруулан хөгжүүлэх чиглэлийг зааж, үймээн өөрчлөлт ихтэй дэлхий ертөнцөд тодорхой тогтвортой байдлыг бий болгож өгсөн байна.
“Хятад, Америкийн төрийн тэргүүний энэ удаагийн уулзалт нь олон талаар ахиц дэвшил гаргалаа” гэж BBC мэдээлжээ.
Хүмүүсийн харилцаанд зарчимтай байдагтай адил улс орнууд хооронд ч харилцах арга зам байдаг. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар хожих нь Хятад, Америкийн харилцааны өнгөрсөн 50 жилийн хөгжлийн туршлага бөгөөд Хятад, Америкийн хамтран чармайх чиглэл байх ёстой. Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин Хятад, Америк хоёр орны харилцааны зөв замыг дахин нотолж, Хятад, Америкийн шинэ хэтийн төлөвийг дурдсан юм.
“Сан Францискогийн алсын хараа” гэж юу вэ? Хятад улс үүнийг хамтран зүтгэж Хятад Америкийн харилцааны “таван тулгуур”-ыг босгохоор зүйрлэж, хоёр тал хамтдаа зөв ойлголттой болж, санал зөрөлдөөнөө хамтаар үр ашигтай зохицуулж, харилцан ашигтай хамтран ажиллаж, их гүрний үүрэг хариуцлагаа хамтдаа хүлээн, хүмүүнлэгийн солилцоог хамтран дэмжихийг онцолжээ.
“Сан Францискогийн алсын хараа”-г хэрэгжүүлэхэд юуны өмнө Хятад, Америк хоёр тал бие биенийхээ талаар зөв ойлголттой байх ёстой.
“Хятад улс колоночлолын дээрэм тонуулын хуучин замаар явахгүй, хүчирхэг улс хүчирхэгжсэн үедээ ноёрхлын муруй замаар явахгүй, үзэл суртлаа гадаадад албаар тохохгүй.” “Хятад улс нь АНУ-ыг давах, орлох төлөвлөгөөгүй, Америк ч гэсэн Хятадыг дарах, хязгаарлах төлөвлөгөө гаргах хэрэггүй”…
Уулзалтын үед Ши Жиньпин дарга Хятадын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн зорилгыг гүн гүнзгий тайлбарласан юм. Ялангуяа Тайваний асуудлаар Америк нэг Хятадын зарчмыг баримталж, “Тайванийг тусгаар тогтнуулах” -ыг эсэргүүцэж, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Хятад улсын энх тайван нэгдлийг дэмжихийг Америкаас шаардсан байна.
АНУ хэлсэн үгэндээ хүрч, эрхээ хэтрүүлэн хэрэглэхгүй, галаар тоглохгүй байхыг хүсэж байна.
“Сан Францискогийн алсын хараа”-г хэрэгжүүлэхэд Хятад, Америк хоёр тал санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, арга сүвэгчлэн “гүүр барьж, зам тавих” хэрэгтэй.
Өнөөгийн нөхцөл байдалд хоёр талын нийтлэг ашиг сонирхол багасаагүй, харин ч нэмэгдсэн байна.
Хятад улс зарим гол асуудлаар санаа зовж буйгаа тодорхой илэрхийлсэн. Хятад улс АНУ-ын экспортын хяналт, хөрөнгө оруулалтын үнэлгээ, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, АНУ өөрийн байр сууриа ажил хэрэг болгон хувиргаж, нэг талын хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, эрх тэгш, ялгаварлан гадуурхахгүй орчин бүрдүүлнэ гэдэгт найдаж байна.
“Сан Францискогийн алсын хараа”-г хэрэгжүүлэхэд Хятад Америк хамтран хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг эрсдэл сорилтыг зохицуулах шаардлагатай.
Мөн “Сан Францискогийн алсын хараа”-г бодит болгохын тулд ард түмэн, соёлын солилцоонд саад тотгор учруулж буй сөрөг хүчин зүйлсийг багасгаж, хоёр орны ард түмний солилцоо, харилцаа холбоог нэмэгдүүлэхийг урамшуулан дэмжих ёстой.
Эдгээр арга хэмжээ хэрэгжвэл Хятад Америкийн харилцаа эрүүл хөгжих үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны итгэлцэл, хамтын ажиллагааг ахиулахад илүү их түлхэц өгөх болно.
Өнөөдөр Сан Франциско Хятад Америкийн харилцааг тогтворжуулах шинэ эхлэл цэг болох ёстой.