CRI Монгол радио
Ши Жиньпин Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзав
Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм ерөнхий сайд тантай ахин уулзаж буйдаа баяртай байна. Өнгөрсөн оны 11-р сард Бангкок хотод АПЕК-ийн чуулганы үеэр бид уулзаж, хоёр орны харилцааны стратеги, чиглэлийн асуудлаар санал солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ.
Энэ онд Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 45 жилийн ой тохиож байна. Энэхүү гэрээ нь Хятад, Японы энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг хууль эрх зүйн хэлбэрээр тогтоож, ноёрхогч үзлийг эсэргүүцэхийг онцолж, хоёр орны харилцааны түүхэнд чухал үйл явдал болсон юм. Өнгөрсөн 45 жилд Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн удирдамж дагуу хоёр орны харилцаа уналт, өсөлттэй байсан ч ерөнхийдөө эрүүл тогтвортой байдлаа хадгалж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгсөн юм. Мөн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд нааштай үүрэг гүйцэтгэж ирсэн юм гэжээ.
Олон улсын байдал ээдрээ будилаантай өнөөгийн нөхцөлд эрх тэгш зэрэгцэн орших, найрамдалт харилцаагаа хадгалах, харилцан ашигтай хамтын хөгжилд хүрэх нь хоёр орны ард иргэдийн язгуур ашиг сонирхолд нийцэх зөв замнал болно. Хоёр тал түүхийн ерөнхий чиг хандлагыг ойлгож, цаг үеийн урсгалыг дагаж, хамтын ашиг сонирхлыг чухалчилж, ялгаа зөрөөгөө зүй зохистой шийдвэрлэж, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчмыг баримталж, шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг тогтоох ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, түүхэн хэлхээ, Тайванийн асуудал зэрэг зарчмын чанартай яриа хоёр орны улс төрийн харилцааны үндэстэй холбоотой учир Японы тал амлалтаа сахиж сөрөг нөлөө учруулахгүй байх ёстой. Хятад Япон хоёр орны эдийн засгийн ашиг сонирхол, аж үйлдвэр нийлүүлэлтийн сүлжээ нь гүн уялдаатай учир харилцаа холбоогоо хөндийрүүлэх нь аль ч талдаа ашиггүй. Хятад улс өндөр чансаатай хөгжил, өндөр түвшний нээлттэй байдлаа улам ахиулж байна. Энэ бодлого Япон тэргүүтэй дэлхийн улс орнуудад урьд өмнө байгаагүй боломжууд авчрах болно. Иймд хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бие биедээ урам зориг өгч, дэлхийн чөлөөт худалдааны системийг бодитой хамгаалж, илүү өндөр түвшинд хамтын амжилтад хүрэх ёстой. Мөн энх тайванч хамтын ажиллагаа, багтаамжтай байдал, уялдан нэгдсэн Азийн үзэл баримтлалыг гол болгож, олон талт үзлийг бодит утгаар нь хэрэгжүүлж, нээлттэй бүс нутгийн үзэл баримтлалыг өргөжүүлж, бүс нутгийн интеграцийг ахиулж, дэлхийн сорилтын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн, Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгасан үйлдэл нь хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн тэнгисийн орчин, улмаар олон улсын эрх ашигтай шууд холбоотой. Иймд Япон улс асуудалд хариуцлагатай, бүтээлчээр хандаж, олон улсын хууль дүрэмд нийцүүлэх ёстой гэв.
Японы ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Япон, Хятадын энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ойн чухал үеийг тохиолдуулж хоёр орны ахмад үеийн удирдагчид Хятад Японы найрамдалт харилцааг ахиулахад гаргасан хүчин чармайлтыг эргэн дурсахад таатай байна. Олон улсын хамтын нийгэмлэг түүхэн эргэлтийн шат үед тулж ирлээ. Япон улс ирээдүйд чиглэсэн алхам хийж, Хятад улстай дээд түвшний харилцаа, яриа хэлэлцээг бэхжүүлж, хоёр орны харилцааны эерэг хүчин зүйлсийг нэмэгдүүлж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсэж байна. Бид Хятад улстай харилцаа холбоогоо тасалдуулахыг хүсэхгүй. Хоёр орны иргэд хоорондын солилцоог бэхжүүлж, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, санхүү, эмнэлгийн тусламж, ахмад настны асаргаа зэрэг олон салбарт илүү ажил хэрэгчээр хамтрах хүсэлтэй байна. Тайваний асуудлаарх Япон, Хятадын хамтарсан мэдэгдлийг баримтлах Японы байр суурь огт өөрчлөгдөөгүй гэжээ.