Нийгэм

Шүүх том хэргүүдийг гацаагч болчихлоо

Нийтэлсэн

Монголын шүүх байгууллагын суу алдар бадарч байна. Сүр хүчээ тэд Монголын ард түмэнд өчигдөр дахин тунхаглаж чадлаа. Урьдчилсан  хэлэлцүүлэг гээчийг зарлаж шоудлаа. Дээрээс өгсөн зааврынхаа дагуу дахиад нэг сараар сунгаж, хохирогч болох Монгол Улсын Засгийн газар, гол нь өмчөө луйвардуулсан татвар төлөгчдөд шүүх байгууллага дахин эр бяраа харууллаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цeмeнт шохой”-н үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, нэмээд төрийн бас бус томоохон өмчүүдийг санхүү болон албан тушаалын луйвраар хувьдаа булааж авсан бүлэглэлийнхний гэм бурууг шүүх хурлын хувь заяа ер нь цаашдаа тун бүрхэг боллоо.

Дөнгөж энэ шийдвэрийг шүүхээс гаргангуут л “Оросуудаас өмчөө аваад ирсэн монголчуудад ял оноох нь буруу шүү” гээд сошиалаар захиалгатай постууд хөврөөд эхэллээ.

Өөрт оногдох өмчөө аваад ирсэн нь сайн уу, сайн. Хамгийн гол нь төрийн мөнгийг энд тэндээс тонгочуулж, шинээр нэг компани байгуулж дансанд нь төвлөрүүлэнгүүтээ төр, засгийн томчуудын “нөлөөллөөр” нүд ирмэх зуурт өмчлөлд нь шилжүүлж болохгүй ээ. За яахав, Эрдэнэтийг оросуудаас авсан нь гавьяа юм бол Хөтөлийн “Цемент шохой”, Дарханы төмөрлөг, Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоогийн уурхайнууд гээд улсаа тэжээдэг том, том өмчүүдэд ХХБ тэргүүтэй, “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кю Эс Си”, бусад гар хөлүүд нь “эзлээд” авчихсан байсан нь үнэн шүү дээ. Энэ бол илт хууль зөрчсөн луйвар.

Кинонд гардаг “Мафи”-ийн бүлэглэл гээч чинь ийм л санхүүгийн, улс төрийн луйвраар төрөө хүртэл худалдаад авчихсан байдаг юм. Тэр л хувилбарыг тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга даамлууд нь нэгэн зэрэг хөдлөөд “сахал”-д хийж өгсөн байдаг. Азаар энэ бүхэн 2016 оны сонгуулиар засаг солигдоод ил болсон. Гэтэл тэд улс төрийн “засаглал”-аа тухайн үед алдсан ч шүүх засаглалыг өөртөө аваад үлдсэн байж.

Бүлэглэлийн босс “Сахал” Д.Эрдэнэбилэгт гурван сая ам.долларын барьцаагаар зугтаах боломжийг угтаа шүүх өөрөө олгосон. 300 тэрбумыг дансандаа авчихаад хэдэн жилийн турш хувийн  банкандаа эргэлдүүлж байгаа мань босст бол энэ дайны доллар бол хөх инээд шүү дээ. Одоо болтол “сахал” сураггүй. 2024 онд түүний аз таарч засаг төр наашаа цаашаа болбол буцаж ирнэ гэж тэр тооцоолж байгаа биз.

Зурсан төлөвлөгөөнийхөө дагуу Монголд байхгүй гэдэг шалтгаанаар “сахал”-ын хэргийг шүүх тусгаарласан. Өчигдөр бол бусад 20 хүнийг нь шүүх дээр дуудаж авчирч жүжиглэв. Энэ хэлэлцүүлэг, шүүх хурлын эцсийн шийдвэр бол Монгол Улсын “Авлигын түүх”-нд онцгой чухал кэйс болох учраас иргэн бүр цаашдаа энэ дээр зориуд хэрэг болгож анхаарах хэрэгтэй санагдлаа. Нүд салгалгүй ажиглах хэрэгтэй юм байна.

Яагаад гэхээр нэг ТҮЦ биш, найман нэрийн дэлгүүр биш бүхэл бүтэн улс орныг тэжээдэг том том үйлдвэрүүдийг өөрсдийнхөө гарын үсгээр, тушаал шийдвэрээр “хуулийн дагуу” хулгайлсан, татвар төлөгчдийн мөнгөөр, Хөгжлийн банкны зээлээр хувьдаа завшсан нүсэр гэмт хэрэг шүү дээ. Нэг биш нэлээд хэдэн хүн оролцсон. Жирийн иргэд ч биш, тухайн үeдээ тамга атгаж суусан, дандаа дарга нар хамжсан байдаг.  Одоо энэ бүлэглэлийг 13 өмгөөлөгч өмгөөлж байгаа. Тэдний аль нэгийнх нь хүсэлтээр ч юм уу, эсвэл өөр ямар нэг хөгийн шалтагаар ч юм уу  шүүх хурлыг өчигдрийнх шиг дахиад хойшлуулж, сунжруулж, зунгааруулж мэдэх юм байна. Хугацаа хождог, ял завшуулдаг аргаа дахиад давтах нигууртай. Сошиалд зарим иргэн бухимдахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл нь байхад төрөөс идэж уусан хэнийг ч шоронд хийж, шонд өлгөхгүй байна гэж шууд шүүмжилсэн харагддаг. Гэтэл хуулиараа бол Монголд гэм буруугийн асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайд биш, зөвхөн гуррван шатны шүүх л эцэслэж шийддэг.

Харамсалтай нь, бодит байдал дээр шүүх яадаг болсон бэ гэхээр ялангуяа авлигачдын хэргийг болж өгвөл хэрэгсэхгүй болгочихдог. Эсвэл хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрдөг. Нэг бол хялбаршуулсан журмаар шийдсэн болоод хэрэг нь хаагддаг. Бүр сүүлдээ мөнгөтэй л бол барьцаа үлдээгээд хилээр гараад “сахал” шиг зугатаачихдаг болсон.

Гурван шатны шүүх нь шийдвэрээ гаргачихсан байхад С.Баярцогтын хэргийг л гэхэд Дээд шүүх нь татаж авч дахиж хэлэлцээд буруугүй гээд гаргачихсан. Ард түмэн өнөөдөр ч энэ дээр бухимдаж байгаа. Саяхны жишээ гэхэд авлигын хэргээр үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан Багануурын уурхайн захирал асан нөхөрт 27 сая төгрөгийн торгох ял шийтгээд явуулж байх жишээтэй. Энэ удаа ч иймэрхүү тохироог шүүхийнхэн хөшигний цаана хийсэн байх магадлал тун өндөр гэж хуулийнхан жиг жуг хийж буй. Нэр бүхий сайд, дарга асан 20 хүнд холбогдох, 300 гаруй буюу нэг портeр машинд багтах дайны хавтаст хэрэгтэй энэ хэргийг шүүх хурал магадгүй ирэх сонгууль өнгөртөл замхарч мэдэхээр боллоо. Магадгүй цаашдаа хулгайч нарыг “Үндэсний баатрууд” болгож мандуулахыг ч үгүйсгэхгүй цаг үе иржээ. Энэ том луйврын хэрэг замхарч хэрхэвч болохгүй. Хэрэв шүүх байгууллага энэхүү төрөө тоносон том луйврыг “60 тэрбум”-ын хэрэг, Хөгжлийн банкны луйварчдад ял завшуулсан шигээ хандаад замхруулбал араас нь “Нүүрсний хэрэг”, “Ногоон автобусны хэрэг” гээд авлига, албан тушаалын олон хэргүүд нохойн замаар орох болно.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version