Дэлхий

Apple компани “1+1=3” гэдэгт итгэдэг хүмүүсийг ажилд авдаг

Нийтэлсэн

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук саяхан Британийн поп од Дуа Липагийн хөтөлсөн подкаст нэвтрүүлэгт оролцож, дэлхийн хамгийн том компанийг хэрхэн удирддаг тухайгаа ярьжээ.

Тэрбээр энэ үеэрээ Apple компанийн бүх ажилтан “1+1=3” гэдэгт бат итгэлтэй явдаг тухай ярьсан байна.

Гэхдээ энэ нь технологийн аварга компанид математикийн мэдлэг, ур чадвар муутай хүмүүс ажилладаг гэсэн үг биш гэнэ.

Кук үүнийгээ дараах байдлаар тайлбарлажээ.

“Манай компанид ажилладаг хүн бүр 1+1=3 гэдэгт итгэдэг. Энэ нь чиний санаан дээр миний санааг нэмбэл тус тусын санаануудын нийлбэрээс илүү үр дүнтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл миний хүмүүсээс хайдаг нэг чухал шинж чанар бол хамтран ажиллах чадвар. Үнэхээр бусадтай хамтран ажиллаж чадах хүн мөн үү? Нэг дээр нэгийг нэмэхэд гурав гардагт гүн бат итгэдэг хүн үү? гэдгийг хардаг” гэж тэр ярьсан байна.

Кук ажил горилогсдоос хардаг бусад шинж чанаруудад сониуч зантай байх, асуулт асуухаас ичиж нэрэлхдэггүй байх, бүтээлч сэтгэлгээтэй байх, багийн тоглогч байх зэргийг дурджээ.

Apple компанийн хувьд дээрх шаардлагуудыг хангаж байвал дээд боловсролтой эсэхээс үл хамааран хүмүүсийг ажилд авдаг гэнэ.

Кук хэдийгээр код бичих ур чадварыг маш чухал гэж үздэг ч өдөр тутмын ажилд нь ийм ур чадвар хэрэг болдоггүй бол код бичиж мэддэггүй хүмүүсийг бас ажилд авдаг болохоо ярьжээ.

Apple компанийн хувьд хүнийг ажилд авахдаа нэлээд нарийн шалгуураар оруулдаг гэсэн мэдээлэл бий. Зарим ажил горилогч нийт 13 удаагийн ярилцлагад орсон баримт байдаг.

Exit mobile version