CRI Монгол радио

Мөнхийн хөршүүд дээд түвшний харилцаагаа сэргээж эхэллээ

Нийтэлсэн

 Дөрвөн жилийн дараа Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар дахин уулзлаа. 26-нд БНСУ-ын Пусан хотноо болсон Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын 10 дахь уулзалтаар гурван орон гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар олон нийтлэг ойлголтод хүрч, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцсон байна. Гурван орны гадаад хэргийн сайд нарын энэхүү уулзалт нь Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дараагийн шатны уулзалтыг зохион байгуулахад таатай нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлсэн гэж олон нийт үзэж байна.

“Мөнхийн хөршүүд” – гурван орон газар нутаг ойрхон, соёл иргэншил холбоотой нь бодит үнэн юм. Гурван орон олон мянган жилийн турш хэлхээ холбоотой ирсэн түүхтэй. 1999 онд Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны механизм албан ёсоор байгуулагдаж, аажмаар Азийн хамгийн нөлөө бүхий дэд бүс нутгийн хамтын ажиллагааны механизм болон хөгжиж, гурван орон болон Азийн орчин үеийн хөгжилд чухал түлхэц болсон юм.

Сүүлийн жилүүдэд, олон улсын улс төрийн нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарч, бүс нутгийн гаднах зарим томоохон улс орнууд геополитикийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд Ази тивд сөргөлдөөн, хагарал үүсгэсэн. Ялангуяа цар тахлын халдварын нөлөөгөөр гурван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт, удирдагчдын уулзалтын механизм түр “зогсонги байдал”-д орсон. Саяхан Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголт нь Хятад, Япон, Хятад, Өмнөд Солонгосын дипломат ажиллагаанд гадаад нөхцөл хангасныг ажиглагчид онцолж байна. Түүнчлэн өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч буй нөхцөлд Хятад, Япон, Өмнөд Солонгос ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжийн хэлхээний тогтвортой байдлыг хадгалах зэрэг нийтлэг ашиг сонирхол, шаардлагатай болж байна. Эдгээр хүчин зүйлийн улмаас гурван орон дээд түвшний харилцаа холбоогоо дахин эхлүүллээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос нь харилцан холбоотой, харилцан ашигтай, хамтдаа хожих харилцаатай. Гурван орны нийт хүн ам, ДНБ нь Зүүн Азийн 70% ба 90% -ийг тус тус бүрдүүлдэг. Гурван орон нь бие биенийхээ хөгжлийн чухал түнш, эдийн засгийн харилцан нөхөх чанар, аж үйлдвэрийн өндөр уялдаа холбоотой төдийгүй  гурван орон бүгд олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмждэг. Зүүн Азийн эдийн засгийн тулгуур хүч, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн гол хөдөлгөгч хүч юм. Урт хугацааны турш Хятад улс нь Япон, Өмнөд Солонгосын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн бөгөөд 2022 онд Хятад, Япон, Хятад, Өмнөд Солонгосын худалдааны хэмжээ тус тус 357.4 тэрбум ам.доллар, 362.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа нь тус тусын аж ахуйн нэгж, ард түмэнд бизнесийн асар их боломж, үр өгөөж авчирч, бүс нутгийн хөгжлийг ахиулах, дэлхийн эдийн засгийг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад, Япон, Өмнөд Солонгосын хооронд санал зөрөлдөөнтэй байх нь хэвийн үзэгдэл. Харин хамгийн чухал нь харилцан зөв ойлголцож, санал зөрөлдөөн нь хамтын ажиллагаанд саад учруулахгүй байх явдал юм. Хятад улс Япон, Өмнөд Солонгосын дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг хүндэтгэдэг, гэхдээ аливаа харилцааг хязгаарлах, цаашлаад ойр хөршүүдээ хязгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ удаагийн Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Хятад улс бие биенийхээ хөгжлийн замнал, язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, эмзэг асуудлыг зөв зохицуулах, үзэл суртлын хэлбүү үзлийг эсэргүүцэж, энхийн замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийг санал болгосон. Хятадын ГХЯ-ны сайд Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа “Нэг Хятадын зарчим”-ыг баримталж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Японы талд уриалсан бөгөөд Хятад, Өмнөд Солонгос хоёр тал эдийн засгийн асуудлыг улс төржүүлэх, шинжлэх ухаан, технологийн асуудлыг хэрэгсэл болгох, эдийн засаг, худалдааны асуудлыг аюулгүй байдлын асуудал болгохыг эсэргүүцэх ёстойг онцолсон байна.

20 жилийн өмнө Хятад, Япон, Өмнөд Солонгос анхны хамтарсан тунхаглал гаргаж, “Гурван талт хамтын ажиллагаа нь Зүүн Азийн хөгжлийг ахиулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахад чиглэнэ” гэж дурдсан билээ. Энэ бол гурван орны хамтын ажиллагааны анхны зорилго юм. Зуун жилд тохиолдож байгаагүй өөрчлөлтийн нөхцөлд Хятад, Япон, Өмнөд Солонгос бол ойр хөрш, салшгүй түншүүд бөгөөд ард түмэн хоорондын хэлхээ холбоо нь бүр ч үүрдийн юм. Хятад улс хөршүүдтэйгээ үргэлж сайн нөхөрлөж, сайн түнш байсаар ирсэн. Япон, Өмнөд Солонгос ч нэгэн адил хүсэл эрмэлзэл, шийдэмгий байж, гурван орны хамтын ажиллагааг бүх талаар сэргээн, тогтвортой хөгжүүлэхийн тулд зүтгэл итгэл гаргана гэдэгт найдаж байна.

Exit mobile version