Дэлхий

БНХАУ I Хүүхдүүдийн дунд УУШГИНЫ ХАТГАЛГАА голомтлон тархлаа

Нийтэлсэн

БНХАУ-ын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдвар буюу уушигны хатгалгаа голомтлон тархаж, эмнэлгүүд ачааллаа дийлэхэд бэрх болжээ.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ДЭМБ хүүхдүүдийн дунд тархсан уушгины хатгалгааны тухай тодорхой мэдээллийг Бээжингээс хүсэж, Хятадад уг халдвараар өвчилсөн хүмүүсийн лабораторийн шинжилгээний хариу, ханиад, COVID-19, RSV зэрэг амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн талаарх нэмэлт мэдээлэл яаралтай ирүүлэх асуудлаар зөвлөлджээ.

Харин вирус судлаачдын зүгээс одоогоор “Айж сандрах хэрэггүй” гэсэн тайвшруулах тайлбар өгч байна.

Эрдэмтдийн дүгнэж байгаагаар ДЭМБ Хятадаас мэдээлэл хүссэн нь COVID-19-тэй холбоогүй аж. ДЭМБ-ын цар тахлын зөвлөх, нийгмийн эрүүл мэндийн салбарын шинжээч Брайан Макклоски “Хятадад сурагчид болон багш нарын дунд тархсан амьсгалын замын халдвартай холбоотойгоор одоогийн байдлаар сандрах хэрэггүй гэж үзэж байна. ДЭМБ-ын болон Хятадын дүгнэлтийг харах чухал. Түгшүүртэй байдлаас ангижрахын тулд бидэнд мэдээлэл хэрэгтэй” гэжээ.

Нидерландын вирус судлаач, ДЭМБ-ын зөвлөх байсан Марион Купманс “Илүү их мэдээлэл, дүгнэлт хэрэгтэй. Энэ удаагийн амьсгалын замын халдварын давлагаа нь ковидын шинэ омог үүсгээгүй” гэж байр сууриа илэрхийлжээ. 

Хятадын эрүүл мэндийн байгууллагууд ч ямар нэгэн ер бусын болон шинэ эмгэг төрүүлэгчийг илрүүлээгүй байгаа бөгөөд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүүхдийн уушгины хатгалгааны дэгдэлт үүссэн гэх мэдээлэл өгсөн талаар ДЭМБ-аас энэ сарын 23-нд албан ёсоор мэдэгдээд байгаа.

Хятадын эмнэлгүүд хатгаагаар өвчилсөн хүүхдүүдээр дүүрч, ачаалалтай байгаа нь үнэн бөгөөд халдварын дэгдэлт Бээжин зэрэг томоохон хотуудад тархсаар байна. Бээжин хотын оршин суугчийн ярьснаар тэрээр анх уг халдвараар өвчлөхдөө ханиалгаагүй ч өндөр халуурчээ. Одоогоор Ляонин мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бол Даляны эмнэлэгт ээлж дараалал үүсэж, амбулаториор хүлээн авах боломжгүй болжээ. Хүүхдүүд болон багш нар өвчилж, сургуулиудын хичээлийг зогсоосон байна.

Бээжин болон Ляонины хооронд 800 км зайтай байхад уг халдвар яагаад тэгж хурдан тархсан нь тодорхойгүй байна. Үл мэдэгдэх уг вирусийг нэмэлтээр шинжилж байгаа бөгөөд одоогоор дүгнэлт хийхэд эрт байгааг мэргэжилтнүүд шинэ мэдээлэлд онцолжээ.

 

Exit mobile version