Дэлхий
COVID-19: Сингапурт хөл хорио зөрчвөл хорих ял онооно
БНХАУ-аас эргэн ирсэн, шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор гэрийн хорионд байх журмыг зөрчсөн хүмүүсийг торгон, хорих ялаар шийтгэнэ гэж Сингапурын Үндэсний хөгжлийн яам мэдэгджээ.
Сингапурт БНХАУ-аас ирж буй хүмүүсийг хоёр долоо хоногийн хугацаанд гэрийн хорионд оруулж, гаднаас хүн хүлээж авахгүй байхыг шаардаж байгаа юм. Энэ журмыг мөрдөж байгаа эсэхийг тодруулах зорилготойгоор яамны ажилтнууд гэнэтийн шалгалт хийж байгаа гэнэ.
“Журмыг зөрчвөл халдварт өвчний тухай хуулийг мөрдөөгүй гэж үзэн 10 мянган сингапур доллар /7,1 мянган ам.доллар/-аар торгож, зургаа хүртэлх сарын хугацаагаар хорих ял шийтгэх бол гадаадын иргэдийг албадан буцааж, дахин Сингапур руу нэвтрэхийг хориглоно” гэж яамны мэдэгдэлд онцолжээ.
Энд дуулгахад, шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Сингапурын эрх баригчид нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн эх газрын Хятадын оршин суугчдыг нэвтрүүлэх болон сүүлийн хоёр долоо хоногийн туршид БНХАУ-д байсан бүх хүмүүсийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьсан. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар Сингапур дахь халдвар авсан хүний тоо 72 болсон нь Хятадаас гадна өөр улс оронд хамгийн ихээр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол юм.