Дэлхий

Хятадын технологийн салбарын тэрбумтан Жэк Ма хүнсний бизнест хөл тавьжээ

Нийтэлсэн

Алибабагийн үүсгэн байгуулагч, нэг үе Хятадын тэргүүн баянд тооцогддог байсан Жэк Ма сүүлийн дөрвөн жилийн турш олны нүднээс хол, нам гүм амьдарч байгаа.

Тэрбээр 2020 оны намар нэг арга хэмжээний үеэр Хятадын засгийн газрын зохицуулалтын орчныг шүүмжилснийхээ дараа ийм амьдралд шилжсэн юм.

Тэр үеэс хойш Магийн компаниудын орлого олон тэрбумаар буурч, хувийн хөрөнгө нь ч бас нэлээд хэмжээгээр багассан.

Тэгвэл Жэк Ма хоол хүнсний салбарт бизнесээ эхлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр “Hangzhou Ma’s Kitchen Food” нэртэй компанийг төрөлх Ханжоу хотдоо бүртгүүлсэн байна.

10 сая юанийн ($1.4 сая) хөрөнгөтэй тус компанийг Магийн хөрөнгө оруулалтын сан Hangzhou Dajingtou бүрэн эзэмшдэг ажээ.

Шинэ компани савласан хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлд ажиллахыг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Бээжингийн эрх баригчидтай зөрчилдсөнийхөө дараа Жэк Ма бизнесийн шинэ салбарт ажиллах талаар бодож эхэлсэн бололтой.

Тухайлбал олны нүднээс далд байх хугацаандаа тэрбээр дэлхийн олон орноор аялж, хөдөө аж ахуйн шинэ технологийг судалж байсан юм.

2021 оны аравдугаар сард түүнийг Испани улсад хөдөө аж ахуйн технологитой танилцаж явааг холбогдох эх сурвалж мэдээлж байв.

Дараа нь Нидерланд, Япон, Тайландад ижил зорилгоор очсон тухай мэдээ тарж байжээ.

Энэ оны тавдугаар сард тэр Токио Коллежид багшлахын зэрэгцээ тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд суралцаж эхэлсэн байна.

Нэгдүгээр сард тэр Тайландад очихдоо амьтны тэжээлийн томоохон үйлдвэрлэгч Chareon Pokphand Group-ийн ерөнхийлөгч Супакит Чеараванонттой оройн зоог барьж байжээ.

Жэк Ма нь 2019 оноос Алибабад ямар нэг ажил үүрэг гүйцэтгэхээ больж, тэтгэвэртээ гарсан юм.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version