Дэлхий

Британи, Грекийн удирдагчдын уулзалт цуцлагдсан нь түүхийн ховор дурсгалтай холбоотой маргааныг сэдрээв

Нийтэлсэн

Лондон хотод айлчилж буй Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис өнөөдөр буюу Мягмар гарагт Их Британийн ерөнхий сайд Риши Сунактай албан өргөөнд нь уулзах төлөвлөгөөтэй байв.

Гэвч Даваа гарагт Британийн тал уулзалтыг цуцалсан нь Грекийн удирдагчийг бухимдуулжээ. Мицотакис уулзалтын үеэр 2,500 жилийн настай эртний Грекийн түүхэн дурсгалыг Британийн Музейгээс буцааж авах асуудлыг ярилцах гэж байсан юм.

Риши Сунакыг тэр “энэ асуудлыг хөндөхөөс зайлсхийх зорилгоор уулзалтыг цуцаллаа” хэмээн шүүмжилжээ.

Даваа гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ Мицотакис “Бидний төлөвлөсөн уулзалтыг болохоос хэдхэн цагийн өмнө цуцалсанд би бухимдаж байгаагаа илэрхийлье. Грек, Их Британи хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд манай хоёр улсын харилцааны хүрээ маш өргөн юм.

Парфеноны баримлын талаар Грекийн байр суурь маш тодорхой байгаа. Би уг асуудлыг Газын зурвас, Украин, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлал зэрэг бусад олон асуудлын хамт Британийн ерөнхий сайдтай ярилцах хүсэлтэй байлаа. Өөрийн байр суурийг үндэслэлтэй, үнэн зөв гэдэгт итгэдэг хүн мэтгэлцээнд орохоос хэзээ ч айдаггүй юм” гэжээ.

Британийн тал уулзалтад ерөнхий сайдын оронд шадар сайд Оливер Доуденыг оролцуулахаар болсон юм.

Грекийн эрх баригчид Акрополис дахь 2,500 жилийн настай Парфеноны сүмийг чимэглэж байсан гантиг чулуун баримлыг буцааж авахаар олон жилийн турш хөөцөлдөж байгаа. Уг баримлыг 19 дүгээр зуунд Оттоманы эзэнт улсад Британийн элчин сайдаар сууж байсан Лорд Эльгин авч явсан нь одоо Британийн Музейд хадгалагддаг.

Парфеноны гантиг чулуун чимэглэлийн өнөөдрийг хүртэл бүтэн үлдсэн хэсгийн тал нь Лондонд байгаа юм.

Ням гарагт Британийн телевизэд ярилцлага өгөхдөө Мицотакис түүхэн дурсгалыг хуваасан нь Мона Лизагийн хөргийг дундуур нь тасалсантай адил үйлдэл гэж ярьсан юм. Түүний энэ үг Британийн эрх баригчдыг эгдүүцүүлсэн бололтой.

Одоогийн хуулийн дагуу Британийн Музей үзмэрийг Грект буцааж өгөх боломжгүй юм. Харин урт хугацааны зээлээр өгөх талаар хоёр улсын албаныхан өмнө нь ярилцаж байжээ.

Даваа гарагт ерөнхий сайд Риши Сунакын хэвлэлийн төлөөлөгч Британийн талын албан ёсны байр суурийг илэрхийлсэн юм. “Манай засгийн газарт байр сууриа өөрчлөх төлөвлөгөө байхгүй. Британийн музей энэ түүхэн дурсгалыг хадгалах хамгийн зөв газар гэдэгт бид итгэлтэй байна. Үүнийг тухайн үед хууль ёсны дагуу авсан, одоо музейд хууль ёсны дагуу хадгалж байгаа. Бид гантиг баримлыг үе уламжлан нандигнан хадгалж ирсэн, цаашдаа ч үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Макс Блэйн хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version