CRI Монгол радио

Дээрэмдсэн соёлын дурсгалуудыг буцааж өгөх нь зүйтэй

Нийтэлсэн

Английн Лондон хотын Рассел талбайд дэлхийд алдартай Британийн музей байдаг. Музейн сан хөмрөгт байгаа найман сая гаруй эд зүйлсийн дийлэнх нь бусад орных юм. Олон жилийн турш улс орнууд Их Британиас дээрэмдсэн соёлын дурсгалт зүйлсийг буцаахыг шаардсаар байна. Саяхан Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис нэхээд ирлээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдрөөс эхлэн Кириакос Мицотакис Их Британид хийх айлчлалаа эхлүүлэв. Тэрээр BBC-д өгсөн тусгай ярилцлагадаа, “Грек улс Парфеноны гантиг баримлыг буцааж өгөхийг Британийн музейд хүссэн. Эдгээр соёлын дурсгалын өмчлөлийн талаар ямар ч маргаан байхгүй. Тэд Грекийнх бөгөөд хулгайлагдсан зүйл юм” гэж онцолжээ.

Одоогоос 200 гаруй жилийн өмнө Британийн дипломатч Томас Брюс Грекийн Парфенон, цаашлаад Афины Акрополисоос олон тооны гантиг баримлыг Их Британи руу зөөж аваачсан юм. Дараа нь Британийн засгийн газар эдгээр чулуун баримлыг Британийн музейн цуглуулгад худалдаж авсан. Грекийн энэхүү үндэсний эрдэнэс Британийн музейн “үнэт эрдэнэ” гэгдэх болжээ. Уран баримлыг буцааж өгөхийг Грек улс Их Британийн музейгээс олон жил шаардаж байгаа ч өнөөг хүртэл хүлээж аваагүй юм.

Иймэрхүү байдал зөвхөн Грект тохиолдоогүй. Их Британи нэгэн цагт хамгийн олон колонитой Европын гүрэн байсан юм. Нигерийн Бениний хүрэлээс эхлээд Египетийн Розетта чулуун хөшөө хүртэл музейн цуглуулгуудын ихэнх нь Британийн хилийн чанадаас дээрэмдэж ирсэн үнэт зүйлсч юм. Эдгээрийн дотор Хятадын 23 мянга орчим соёлын дурсгал бас бий.

ЮНЕСКО-ийн бүрэн бус статистик мэдээллээр Хятад улс хилийн чанадад дор хаяж 1.64 сая соёлын дурсгалаа алдсан байна. Британийн музей Хятадаас алдагдсан соёлын дурсгалуудын хамгийн том цуглуулгатай музейн нэг юм. Шан, Жоу гүрний хүрэл, Тан, Сүн гүрний үеийн шаазан, Мин, Чин гүрний үеийн алт, хаш зэрэг энд цугларсан олон мянган эд өлгийн зүйлс Хятадын соёлын дурсгалт зүйлс бараг бүх урлагийн төрлийг хамаарч, Хятадын бараг бүх түүхэн цаг үеийг дамнасан байдаг. Британийн музейн “Шилдэг арван эрдэнэ” гэгддэг ангилалд Хятадын гурван эрдэнэ байгаа юм.

Дээрэмдүүлсэн соёлын дурсгалт зүйлсийг олж авахын тулд Хятад зэрэг олон орон цуцашгүй хүчин чармайлт гаргасан ч Их Британи “соёлын дурсгалт зүйлсийн аюулгүй байдлыг хамгаалах” гэсэн үндэслэлээр буцаан өгөхөөс татгалзсаар ирсэн юм. 1963 онд Их Британийн парламент мөн Британийн музейн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, соёлын дурсгалт зүйлсийг хууль тогтоомжийн хэлбэрээр буцааж өгөхийг хоригложээ.

Энэ оны наймдугаар сард Британийн музейн 2000 орчим үзмэр алга болсон нь ил болж, зарим нь онлайнаар зарагдаж байна. Ийнхүү музей хүмүүсийн итгэл үнэмшлийг алдаж, “соёлын дурсгалт зүйлсийн аюулгүй байдлыг хамгаалах” чадварт  эргэлзээ төрүүлж байна.

Соёлын дурсгал бол улс үндэстний соёлын үргэлжлэл, өв юм. Олон жилийн турш дэлхийн улсууд Британийн музей болон Британийн засгийн газраас дээрэмдүүлсэн соёлын дурсгалт зүйлсээ буцааж авах талаар хөөцөлдөхөө ерөөс зогсоогоогүй. Энэ нь тухайн улс, үндэстний соёлын өвийг хамгаалах, колончлолын үлдэгдлийг арилгах зорилготой бөгөөд колончлолын эсрэг олон улсын хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг юм.

Германы засгийн газар 2022 онд Бениний хүрэл зэвсгийг Нигерт буцааж өгсөн юм. Их Британийн сэтгүүлч Барнаби Филлипс нийтлэлдээ “Их Британид мөн Нигерийн хүрэл олдворууд байдаг. Германы энэ алхам нь эдгээр олдворуудыг хулгайлж дээрэмдсэн гэдгийг Их Британи үргэлжлүүлэн үгүйсгэх боломжгүй болгосон” гэж дурджээ.

Колончлолын цаг үе үүрд өнгөрсөн. Их Британийн тал олон орны хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрч, дээрэмдсэн соёлын дурсгалуудыг аль болох хурдан буцаах нь зүйтэй.

Exit mobile version