Дэлхий

Газын зурваст эвлэрлийн гэрээг ямар нөхцөлөөр СУНГАХ ВЭ?

Нийтэлсэн

Газын зурвас дахь мөргөлдөгч талуудын эвлэрэл энэ сарын 24-ний өглөөнөөс эхэлсэн билээ. Эхлээд дөрөв хоног гал зогсоохоор зөвшилцсөн байсан бол энэ сарын 27-нд эвлэрлийн хугацааг дахин хоёр өдрөөр сунгасан билээ. Ийнхүү өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл сунгасан эвлэрлийн хугацааг Израил болон ХАМАС-ын тал аль аль нь дахин хоёр өдрөөр сунгах хүсэлтэй байгаа юм. Энэ хугацаанд барьцааны хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн зогсолт авахыг хүсэж байгаа аж. Үүний дараа Газын зурвас дахь ажиллагааг үргэлжлүүлэх эсвэл дараагийн зөвшилцөлд хүрэх эсэхийг шийдэх хүсэлтэй байгаагаа Израилийн зүгээс илэрхийлжээ. Үүнээс гадна Израилийн тал барьцаанд байгаа хүүхдүүдийг суллана гэж итгэж байгаа аж.

Газын зурваст гал зогсоох дэглэм ХАМАС-ын барьцаанд байсан хүмүүс болон палестинчууд, Израилийн шоронд байсан хүмүүсийг солилцож эхлэхэд дэм болсон юм. Эхний өдөр ХАМАС 13 израил иргэн, 12 тайланд иргэнийг, тэр дундаа эрэгтэйчүүдийг сулласан бол Израилийн талаас 39 палестин иргэнийг солилцсон билээ. Харин хоёр дахь өдөр талууд мөн тооны израил, палестин иргэнийг сулласан байна. Гурав дахь өдөр 14 израил болон 39 палестин иргэнийг суллажээ.

Энэ өдрүүдэд мөн найман гадаад иргэнийг суллажээ. Дөрөв дэх удаагийнхаа солилцоогоор ХАМАС давхар иргэншилтэй 11 хүнийг, тэдэн дунд франц, герман, аргентинчуудыг сулласан байна. Харин Израил 33 палестин иргэнийг суллажээ.

Хоёр өдөрт гэрээний үр дүнд хоёр талаас 140 гаруй хүн суллагдсан бөгөөд аль болох олон хүнийг солилцохыг зорьсон байна. Үүний дараа Израил Газын зурвасыг “цэвэрлэх” цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.

Ямар нөхцөлөөр эвлэрлийг сунгахаар болсон бэ гэхээр, Палестины ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Тахер ан-Нунугийн мэдээлснээр Израилийн барьцааны нэг хүнийг сулласны оронд гурван палестин хүнийг суллаж, Газын зурвас руу өдөр бүр хүмүүнлэгийн 200 ачааны машиныг оруулах нөхцөлтэй аж.

Мөн Израил болон ХАМАС-ын олзны хүмүүсийг суллах дөрөвдүгээр ээлжинд хэн хэн орохыг тохиролцож чадсан гэжээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдээлснээр тус улсын эрх баригчид суллах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүлээж авсан байна. Тус жагсаалтад хэдэн хүн байгааг тогтоож амжаагүй гэнэ. Израилийн “Ynet” порталын мэдээлснээр ХАМАС 12 израил иргэнийг суллах талаар тохиролцсон бол Израилийн зүгээс 33 палестин хоригдлыг суллах талаар хэлэлцсэн байна.

Еврейн улсын зорилго бол аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр Палестины бүлэглэлд барьцаалагдсан бүх хүнийг (ХАМАС солилцоо эхлэхээс өмнө Газын зурваст 240 орчим хүнийг хорьж байсан) эх орондоо авчрах явдал юм. Тэгвэл Израилийн шоронд 4764 палестин хүн байжээ.

ХАМАС-ын сулласан нэмэлт 10 хүн тутамд эвлэрлийн гэрээг дахин нэг өдөр сунгахад бэлэн байна гэж Израилийн Засгийн газраас мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэд бүх барьцаалагдсан хүмүүсийг буцааж авахын тулд дайныг үргэлжлүүлж, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгаж байж Газын зурвасаас Израилийн эсрэг шинэ аюул заналхийлэл гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.

Талуудын дөрөв дэх солилцоо ХАМАС-аас өгсөн хүмүүсийн жагсаалтад асуудал үүссэний улмаас хэдэн цагаар хойшилсон байна. Тус жагсаалтад ихэвчлэн хүүхдүүд багтсан бөгөөд тэд гэр бүлээсээ салах байсан гэсэн үг юм. Израил гэр бүлийн гишүүдийг хамт байлгахыг шаарддаг. Солилцооны асуудлыг шийдвэрлэхэд Египет болон Катар зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм.

Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ярилцахдаа түр зогсолт дууссаны дараа Израил бүрэн хүчээрээ зорилгодоо хүрнэ гэжээ. Түүний хэлснээр Газа дахин өмнөх шигээ болохгүй гэнэ.

ХАМАС хөдөлгөөн өчигдөр барьцаанаасаа 12 хүнийг сулласан юм. Суллагдсан хүмүүсийн 10 нь Израилийн иргэн бол хоёр нь Тайландын иргэн аж. ХАМАС барьцааны хүмүүсийг Газын зурваст 52 хоногийн турш хорьсон. Барьцаанаас суллагдсан 12 хүнийг Израилийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.

Эвлэрлийг зөрчсөн гэж ХАМАС-ыг буруутгав

Израил ХАМАС бүлэглэлийг Газын зурвас дахь эвлэрлийг зөрчсөн гэж буруутгажээ. Газын зурвасын хойд хэсэгт ХАМАС-ын гишүүд Израилийн армийн цэргүүд рүү дайрсан байна. Эвлэрлийн гэрээ хэрэгжиж байсан ч хэд хэдэн цэрэг шархадсан талаар ЦАХАЛ мэдээлжээ.

Ийм дайралтын тохиолдол хоёр удаа гарчээ. Эхнийхэд нь ХАМАС-ын дайчид гурван дэлбэрэх төхөөрөмж ашигласан бол хоёр дахь удаагаа гал нээсэн байна. Израилийн цэргүүд тэдэн рүү хариу гал нээжээ. Гэхдээ ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүр “Аль-Кассам”-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Израилийн тал эвлэрлийн гэрээг илт зөрчиж байгаад хариу үйлдэл үзүүлсэн” гэжээ.

Тэрбээр гал зогсоох амлалтын асуудлаар Израилд шахалт үзүүлэхийг зуучлагчдад уриалсан байна.

Эвлэрэл дууссаны дараа юу болох вэ?

Эвлэрлийн гэрээ дуусгавар болоход Израил дайсагналаа үргэлжлүүлнэ, дор хаяж Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурвасын хойд хэсгийг хяналтандаа авах хүртэл үргэлжлэх болно гэж шинжээчид бичжээ. ХАМАС барьцаалагдсан хүмүүсийн заримыг Израилтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд, заримыг нь Орос, Катар болон бусад зуучлагчаар дамжуулан солилцдог. Гэхдээ тэдний тоо хязгааргүй биш гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Барьцааны хүмүүсийг солилцож дууссаны дараа Израилд байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхэд саад болох зүйл бага байх болно. АНУ л улс төрийн дарамт шахалт үзүүлэх замаар үүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадах аж.

ХАМАС нь Израилийн схемийн дагуу эвлэрлийн хугацааг сунгах боломжтой гэж мэдэгдэв. Бүх зүйл ХАМАС ба түүний цэргийн жигүүр “Аль-Кассам”-ын хоригдлуудыг олж авч чадах эсэхээс хамаарна. Тиймээс эвлэрлийн хугацааг сунгах нь ХАМАС-ын хоригдлуудын тооноос хамаарах аж. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдел Рахман аль-Тани “The Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Газын зурваст 40 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд олзлогдоод байгаа. Хэрэв ХАМАС мөргөлдөөний түр зогсолтыг ашиглан тэднийг олж чадах юм бол эвлэрэх хугацааг сунгах боломжтой” гэжээ.

Газын зурваст олзлогдсон хүмүүст яг юу тохиолдож байгааг хэн ч мэдэхгүй юм. Ойрх Дорнодын дипломатуудын хэлснээр тэднийг Израилийн цохилт эхлэхэд хурдан нүүлгэн шилжүүлсэн байна. Гэвч байдал маш тогтворгүй байгаа аж. Палестины хөдөлгөөн яагаад барьцааны хүмүүсийг нутаг дэвсгэрээсээ олж чадахгүй байна вэ?

Израил болон ХАМАС бүлэглэлийн хоорондын эвлэрлийг сунгаж магадгүй байна. Палестины барьцаалсан хүмүүсийг солих ажил дахин удааширч байгаа ч Газад хоригдож буй дор хаяж 20 гаруй хүнийг суллаж чадна гэдэгт зуучлагчид итгэлтэй байгаа аж. Олон улсын хамтын нийгэмлэг одоогийн эвлэрэл нь Палестин улсыг байгуулах замаар мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах эхний алхам байх ёстой гэж үзэж байна.

Барьцаалагдсан олон арван хүн аль хэдийн суллагдсан байгаа тул Олон улсын хамтын нийгэмлэг эвлэрлийн гэрээг сунгах ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Израилийн холбоотнууд болон Барселонад хуралдсан Арабын орнуудын төлөөлөгчид Еврейн улсын удирдлагад дипломат шахалт үзүүлжээ. АНУ болон Европын орнуудын үзэж байгаагаар дайсагналыг зогсоох нь Израил, Палестин хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг хайх оролдлогод шинэ түлхэц өгөх болно.

Exit mobile version