Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ

Нийтэлсэн

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Энэхүү хүнд хэцүү цаг үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга цаг үеэ олсон энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байдаг билээ.

Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа билээ.

Бүлгийн дарга аа,

Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дэргэд ДГХБО-ын бүлгийг байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх дэлхийн нийтийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, энэ хүрээнд  “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан  орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.

Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Бүлгийн дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тоо баримт бүхий судалгаа шинжилгээний ажил хэрэгтэй.

Тийм учраас манай улс Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулж, бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болтол нь хөгжүүлэн бэхжүүлж, тус байгууллагын шугамаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Тус судалгааны төв нь сүүлийн арван жилийн турш НҮБ-тай хамтран ДГХБО-ын  бүлгийн гишүүн орнуудад чухал ач холбогдол бүхий бодлогын судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн гэж бид үздэг.

Тус судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой юм.

Тиймээс Та бүхнийг энэхүү олон улсын судалгааны төвтэй хамтран судалгааны төслүүд хэрэгжүүлэхийг уриалж байна.

Түүнчлэн “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл хэлэлцээрт нэгдээгүй Далайд гарцгүй хөгжиж  буй орнуудад уриалж байна. Ингэснээр эл судалгааны төв улам бэхжин хөгжиж, далайд гарцгүй орнуудын судлаачдын баг хамтран ажиллаж, томоохон судалгааны ажлыг гүйцэтгэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

Бүлгийн дарга аа,

Монгол Улс 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг хангахад  идэвхтэй оролцож байна.

Бага хурал нь “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үнэлгээний туршлага, сургамжид тулгуурлан тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэл, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нь тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг цогцлооход чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монголчууд бид эх болсон байгаль дэлхийгээ  авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллах болно.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр1 долоо хоног өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо