Улс төр

Х.Нэхийт: Би нэг ч гадаад компанид газар олгоогүй

Нийтэлсэн

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд олгосон газар олголт хууль зөрчсөн эсэх асуудалд шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтэд Ханбогд сумын удирдлагууд иргэн, аж ахуйн нэгжид хууль бус газар олгосон болох нь тогтоогджээ.

Тухайлбал, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 31 хуулийн этгээдэд 457.3 га газарт хууль бусаар газар олгосон нь илэрчээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га талбайд газар эзэмшүүлсэн зэрэг зөрчил илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.

Энэ үеэр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт “Би гурван жил Засаг даргаар ажиллаж байна. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе, үеийн Засаг дарга нар газар олгоогүй гэж ойлгож байна. Орон нутгийн бодлого, чиглэлд дандаа хятадууд газар аваад байгаа болохоор Монгол хүн, орон нутгийн хүнд давуу байдал олгох хүрээнд л газар олгож ирсэн байдаг. Намайг ажил авахад ч ингэж олгоод ирсэн байсан, тэр зарчмаар нь л олгосон. Шинжээчдийн буруу зөрүүтэй дүгнэлт байна гэж харж байна” гэлээ.

ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Та 10 га газрын тендер зарлаж байсан юм байна. Таны зарласан эн тендерт аж ахуйн нэгжүүд үнийн саналаа ирүүлжээ. Эндээс харахад 10 га газрыг 11 тэрбум төгрөг, 10 тэрбум төгрөг гэх мэт үнэлгээтэй тендерт оролцож байсан юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу, худалдан боловсруулдаг уу” хэмээн тодруулав.

Үүнд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт “Тухайн газар эзэмшигч аж  ахуйн нэгж бусдад шилжүүлэх нь нээлттэй” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Газар эзэмших эрхийг худалдан борлуулахыг хуулиар зөвшөөрсөн үү” гэж нэмж лавлахад “Ер нь болохгүй гэсэн заалт байхгүй” гэж Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт хариуллаа.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Энэ бол таны олгосон газар нэг га газар нэг тэрбумаар үнэлж байсан гэх нотлох баримт байна” гэж тодотголоо. 

Exit mobile version