Нийгэм
Франц улсад болох Дэлхийн ур чадварын тэмцээнд токарийн мэргэжлээр өрсөлдөх оюутан тодорчээ
“Монгол ур чадвар 2023” тэмцээн энэ сарын 11-нд CNC токарь мэргэжлийн үндэсний ялагч тодруулах сүүлийн шатны шалгаруулалтаар эхлээд буй.
Гурван үе шаттай явагдаж байгаа “Монгол ур чадвар 2023” тэмцээн нь гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн найман мэргэжлээр шилдгүүдээ тодруулах юм.
Токарийн мэргэжлийн гурав дахь шатны тэмцээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгуулагдаж, Налайх дүүрэг дэх Политехник коллежийн Б.Эрдэнэбилэг, Барилгын Политехник коллежийн А.Нямбаяр нар өрсөлдсөн байна.
Үндэсний ялагчаар А.Нямбаяр шалгарч 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсад болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ.
Харин “Монгол ур чадвар 2023” тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллеж дээр зохион байгуулагдаж, Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байна.
Тэмцээний төрөл бүрийн мэргэжлийн шилдгүүд энэ сарын 15-ны өдөр тодорно хэмээн БШУЯ-наас мэдээллээ.