Нийгэм

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болголоо

Нийтэлсэн

УОК-ын Шуурхай штабаас аймгуудын Онцгой комисстой цахим хурал хийж, өвөлжилтйн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, холбогдох мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Тус аймагт 2023-2024 онд 13 сум, нэг тосгон, 100 багийн 10,159 малчин өрхийн 2 сая толгой мал өвөлжих тоцоо гарсан бөгөөд өөрийн аймгийн нутаг дэвсгэрт 596 өрхийн 76,7 мянга, сум дундын отрын бүс нутагт 1364 өрхийн 437,7 мянган мал отроор  өвөлжиж байна.

Аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, уулаараа 15-40 см, тал газарт 1-5 см, зузаан цастай, агаарын температур өдөртөө -30, шөнөдөө -39 градус хүрч хүйтэрч байна.

Зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 20 орчим хувьд дунд зэргийн, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан. Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар зун гандуу байснаас бэлчээрийн нэгжийн ургац бага малын тарга хүч дутуу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн зэргээс шалтгаалж мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой, бэлчээрийн өвс, ургамал цасанд дарагдаж, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурснаас малчид зудад өртөх эрсдэл өндөр байна.

Төв, суурин газраас алслагдсан үүрэн холбооны утасны сүлжээ барих боломжгүй байршилд өвөлжиж байгаа малчдын судалгааг сум, баг бүрээр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, жирэмсэн эхэд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгааг танилцуулсан юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга,бригадын генерал Б.Ууганбаяр “Аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг боловсронгуй болгож танилцуулах, эрсдэлийг хохирол багатай даван туулахад хүн, хүч хэрэгслээ дайчлан байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, хамтарч ажиллахыг үүрэг болголоо” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Exit mobile version