CGTN мэдээ

Ши Жиньпин Гуаншид ажиллаж, Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулав

Нийтэлсэн

12-р сарын 14-15-ны өдрүүдэд Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөсөн Хятад улсын дарга Ши Жиньпин АСЕАН-ы орнуудтай хуурай газар, далай тэнгисээр холбогдсон Гуанси мужийн Жуан үндэстний өөртөө засах оронд хүрэлцэн ирсэн байна.

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуанси муж нь Хятад болон АСЕАН-ы орнуудын солилцоо хамтын ажиллагааны тэргүүлэх бүс ба чухал цонх юм. АСЕАН гэдэг нь Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны товчлол юм, тус холбоо 10 улсыг хамарч, нийт 4.49 сая хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд 662 сая хүн амтай юм.

Хятад улс АСЕАН-ыг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болон “Бүс ба зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах чухал бүс нутаг хэмээн үзсээр ирсэн юм. Энэ оны эхний 11 сард Хятад, АСЕАН-ы орнуудын худалдааны нийт хэмжээ 5.8 их наяд юаньд хүрч, Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15.3 хувийг эзэлсэн байна. Хоёр тал дөрвөн жил дараалан бие биенийхээ хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн юм. Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг сайжруулж бүтээн байгуулснаар, Гуанси болон АСЕАН-ы эдийн засаг худалдааны солилцоо, хамтын ажиллагаа улам нягтарч байна. Энэ оны 1-р сараас 7-р сар хүртэл Гуанси болон АСЕАН-ы орнуудын импорт экспортын нийт хэмжээ 188 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 71,6%-иар өссөн байна.

Ши Жиньпин Гуанси мужид онцлон тэмдэглэхдээ, Гуанси муж дотоод болон гадаадад нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлж, мөрөн тэнгис дагуу байрладаг давуу талаа бүрэн ашиглаж, далайн эдийн засаг, боомтын аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, дотоод болон гадаад харилцаа холбоог бэхжүүлж, илүү эрч хүчтэй, илүү нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох ёстой. Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад идэвхтэй үйлчилж, АСЕАН-ы орнуудтай бизнес худалдаа, хөдөлмөр, аж үйлдвэр, шинжлэх ухаан технологи, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлж, дотоодын болон олон улсын давхар эргэлттэй зах зээлийн үйл ажиллагаа өрнүүлэхэд таатай орчин бүрдүүлэн өгч, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалттай гүн гүнзгий уялдан нэгдэх ёстой гэжээ.

Exit mobile version