Дэлхий

Коронавирусийн гамшгийн улмаас iPhone ховордоно

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас энэ оны нэгдүгээр улирлын борлуулалт нь төлөвлөгөөндөө хүрэхгүй болсныг Apple компани Даваа гарагт зарлажээ.

Apple болон бусад томоохон компаниудын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч Хятадын компаниуд сар шинийн амралтын дараа өнгөрсөн долоо хоногоос үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн юм.

Гэвч тэдний үйл ажиллагаа төсөөлж байснаас удаашралтай байгаа нь Apple-ийн бизнест сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй болжээ.

Нэг талаас Хятадад дэлгүүр, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь богиносож, үйлчлүүлэгчдийн тоо буурсан нь iPhone-ий борлуулалтад муугаар нөлөөлөх төлөвтэй байна. Нөгөө талаас үйлдвэрүүдийн үйл ажиллагаа удааширсан нь iPhone-ий бусад зах зээлд хийх нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа гэнэ.

Хятад улс нь iPhone-ий хамгийн том зах зээлд тооцогддог бөгөөд Apple-ийн нийт орлогын 15 хувь нь Хятадын зах зээлээс бүрддэг.

Өнгөрсөн улиралд Apple компани тус улсын зах зээлээс $13.6 тэрбумын орлого олжээ.

Apple энэ оны нэгдүгээр улиралд $63-$67 тэрбумын орлого олох төлөвлөгөөтэй байсан юм. Энэ зорилт хэр хэмжээгээр буурах талаар мэдээлэл өгөөгүй байна.

Зарим шинжээчид Хятадын зах зээл дэх iPhone-ий борлуулалт нэгдүгээр улиралд 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Exit mobile version