CGTN мэдээ

ХТРТ-ийн ерөнхий захирал 2024 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн

2024 оны 1-р сарын 1-нд, Хятадын Төв радио телевизийн ерөнхий захирал Шэн Хайшюн гадаад, дотоодын үзэгч сонсогч, интернэт хэрэглэгчдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Одоо та бүхэнд Шэн Хайшюний мэндчилгээг хүргэе.

Эрхэм нөхөд өө

Шинэ оны гэрэлт нарнаар бид хүсэл тэмүүлэл хурайлсан цоо шинэ 2024 оноо угтаж байна. Бээжин хотоос миний бие эрхэм та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгааг болгооно уу.

Улиран одсон 2023 онд Хятад улс “Бүс ба Зам” санаачилга дэвшүүлсний 10 жилийн ойг тэмдэглэсэн. Өнгөрөгч 10 жилд энэ зам хөгжил цэцэглэлт авчирч, Хятад улс болон даян дэлхийг холбосон юм. ХТРТ энэхүү хөгжлийн замд олон ургалч соёлын солилцоог дэмжиж, сэтгүүлчийнхээ хурц үзэг, тод дурангаар дэлхийн зон олны мартагдашгүй сайхан агшин хормуудыг мөнхлөн үлдээсэн билээ.

2023 онд бид “Үзэл санаа+Урлаг+Технологи” хэмээх инновацын загварын хөгжлийг өндөр түвшинд гаргалаа. “Ши Жиньпиний ишлэх дурай хэлц үг”-ийн хоёрдугаар бүлэг, “Эртний түүхийн эрэлд” , “Соёл иргэншлийн солилцоо”, “Хулсан бичгээс Хятад улсыг харахуй” зэрэг шилдэг контентоор Хятад болон дэлхийн соёлын гэрэл сацрангуй өвүүдийг олны хүртээл болгов. Мөн Ханжөүгийн Азийн олимпын наадмыг нээлт, хаалт, уралдаан тэмцээнийг интернэтээр давхацсан тоогоор 41.4 тэрбум хүнд хүргэж, шинэ рекорд тогтоолоо.

2023 онд бидний найз нөхдийн цар хүрээ улам тэллээ. ХТРТ олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны 58 гэрээ хэлэлцээр байгуулж, хоёр дахь CMG форум, АСЕАН-ны түншүүдийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум, Африкийн түншүүдийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум, “Хятадын маягийн орчин үеийн шинэчлэл ба даян дэлхий” сэдэвт 51 удаагийн глобал медиа арга хэмжээ, “Уламжлалт соёлтой танилцахуй” сэдэвт 8 удаагийн олон улсын тойрон үзэсгэлэн зэрэг цар хүрээтэй олон арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн улс түмэнтэй хамтдаа энх тайвнаар хөгжсөн, харилцан ашигтай хамтран ажилласан, хамтдаа хөгжиж цэцэглэсэн дэлхийн шинэ төлөвийг зураглалаа.

Өнөөгийн дэлхий ертөнц энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг аль ч цаг үеэс илүү шаардаж байна. Ийм үед олон найз нөхөд Хятадын улсын үзэл баримтлал, санаачилгыг танин ойлгож, хүлээн зөвшөөрч буйд бид баяртай байна. АПЕК-ийн уулзалтын үеэр бид АНУ-ын Сан Франциско хотноо “Хятад-Америкийн хүмүүнлэг соёлын солилцооны хэлэлцүүлэг” зохион байгуулсан нь олон хүнээс талархал хүлээв. “Flying Tigers” буюу “Нисдэг Барс” багийн гишүүн, энэ жил 100 нас зооглож буй ахмад дайчин Харри Мойер уг арга хэмжээний үеэр бидэнд хандаж “Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц гэдэг Ши Жиньпин даргын үзэл баримтлал олон хүний хүсэл тэмүүллийг төлөөлж байна” гэсэн юм. Эх орондоо буцаж ирсний дараа бид Америкийн Линкольн дунд сургуулийн хүүхдүүдийн гараар урласан ил захидал, бөмбөрцгийн загвар, жижиг гоёл чимэглэлүүдийг хүлээж авсан. Эдгээр өхөөрдөм бяцхан бэлгүүдийг хараад, хүүхдүүд амар амгалан, нөхөрлөл, найрамдал, гоо үзэсгэлэнг хүсэн тэмүүлж буйг би мэдэрсэн.

Дэлхийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл болох Хятадын Төв радио телевиз байгуулагдаад таван жил болж байна. Энэ таван жилд бид асар том амжилт тогтоож ажиллалаа. Өнгөрсөн онд ХТРТ хилийн чанад дахь 191 дэх салбараа байгуулж, дэлхийн 67 улс, бүс нутгийг хамарсан хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн сүлжээ бүрдүүлээ. CGTN сувгийн олон улсын үзэгч, хэрэглэгчийн тоо 700 сая давж, бид дэлхийн дахинаа болсон чухал үйл явдлыг хамгийн түрүүнд мэдээлж байгаа байгууллага болсон юм. Дэлхийн жишигт нийцсэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах аянд бид “нэвтрүүлэг болгон шилдэг содон байх” зорилт тавьж шаргуу, санаачилгатай, шуурхай ажиллах болно.

Эрхэм нөхөд өө. 2024 он бол Хятадын билгийн тооллын луу жил юм. Луу бол Хятадын соёл иргэншилд аз хийморь хурайлж, аливаа хүч энергийг нэгтгэн цуглуулж, нийтэд нь хүртээмжтэй байлгахыг бэлгэдсэн тотем шүтлэг юм. Хөгжлийн шинэ аянаа эхлүүлсэн Хятадын ард түмэн луу жилд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг угтана. Үүнд ХТРТ улам эрч хүч, итгэл үнэмшилтэй ажиллаж, гадаад дотоодын үзэгч сонсогч, интернэт хэрэглэгчдэд шинэ сайхан мэдээ мэдээлэл, шилдэг содон контент хүргэж, дэлхийн олон улс түмэнтэй хамт илүү тод гэрэлтэй маргаашийг хамтдаа угтана.

Та бүхэнд шинэ онд мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал хүсье.

Exit mobile version