Дэлхий

Итали улсын хамгийн өндөр настай эрэгтэй 111 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн

Итали улсын хамгийн өндөр настай эрэгтэй 2023 оны сүүлчийн өдөр 111 насандаа таалал төгсжээ.

“Триполино” хочит Триполи Жаннини өөрөөс нь 75 хоногийн ах Францын иргэн Андре Людвигийн дараа Европ тивийн хоёр дахь хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог байв.

Тэрбээр Тускани мужийн Ливорно дүүргийн Чечина хот дахь гэртээ нас барсныг хүү Романо нь сошиал хуудсаараа мэдээлжээ.

“Мөнх настай гэж боддог байсан аав Триполи Жаннини маань шинэ оны өмнөх өдрийн 9:30 цагт тэнгэрт халилаа. Тэрбээр 111 нас, 133 хоногтой хүн байсан юм. Аав маань өөрийг нь 40 гаруй жил тэнгэрт хүлээсэн ээжтэй уулзахаар явлаа” гэж уг мэдэгдэлд бичсэн байна.

Дэлхийд хүн амын хөгшрөлтөөрөө дээгүүрт эрэмбэлэгддэг Итали улсад 2023 оны байдлаар 100-аас дээш настай 22,000 орчим хүн амьдарч байжээ.

Тэдгээрийн ихэнх нь эмэгтэйчүүд юм.

Чечина хотод 1912 онд мэндэлсэн Жаннини дэлхийн хоёр дайныг үзэж, хоёр цар тахлыг туулжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард 111 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ тэр урт наслалтын нууцаа байнга дарсаар даруулдаг хөнгөн хоол, стрессгүй, тамхигүй амьдрал, өдөр бүрийг бэлэг мэт хүлээж авдаг өөдрөг сэтгэлгээтэйгээ холбон тайлбарлаж байв.

Италийн Сардини арал нь хамгийн урт насалдаг оршин суугчидтай дэлхийн таван бүс нутгийн нэгд тооцогддог.

Тус улсын Лигуриа мужийн Женова хотод хамгийн олон 100 настан амьдардаг байна.

Италичуудын уламжлалт хоол хүнсийг дэлхий дахинд “Mediterranian diet” буюу Газар дундын тэнгисийн хоолны дэглэм гэж нэрлэдэг бөгөөд урт наслахын нэг үндэс гэж үздэг.

Хүн ам хөгширч, хүүхдийн төрөлт буурч байгаа нь Италийн засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Статистик мэдээллээс үзвэл 2022 онд тус улсад 393,000 хүүхэд мэндэлсэн нь түүхэнд байгаагүй бага өсөлт болжээ. Ерөнхий сайд Жоржиа Мелони 2024 онд хүн амын өсөлтийг нэн тэргүүнд тавьж ажиллах,  энэ зорилгод 2.5 тэрбум евро зарцуулахаа мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version