Энтертайнмент

Микки Маусын анхны хувилбар Дисней компанийн оюуны өмч байхаа больж байна

Нийтэлсэн

1928 оны “Steamboat Willie” богино хэмжээний энимэйшн кинонд анх ашигласан Микки болон Минни хулгануудын хувилбар дүрс шинэ оны эхний өдрөөс эхлэн Дисней компанийн оюуны өмч байхаа больж байна.

АНУ-ын оюуны өмчийн хуулийн дагуу эдгээрийн өмчлөлийн лицензийн хугацаа дууссан тул хэн дуртай нь үнэ төлбөргүй ашиглах эрхтэй болж байгаа юм.

Гэхдээ Дисней компани Микки хулганын орчин үеийн дүрс оюуны өмч нь хэвээр байгааг анхааруулжээ.

“Мэдээж бид Микки Маусын орчин үеийн хувилбар болон бусад бүтээлүүдийнхээ өмчлөх эрхийг үргэлжлүүлэн хадгалах болно” гэж Дисней компани мэдэгдсэн юм.

АНУ-ын оюуны өмчийн хуулийн дагуу ямар ч бүтээлийг өмчлөх эрх 95 жилийн дараа дуусаж, нийтийн өмч болдог.

Ингэж чөлөөлөгдсөн оюуны бүтээлийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх эрх хүссэн бүгдэд нээгддэг юм.

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Микки, Минни хулгануудын дүрсээс гадна олон ном, кино, хөгжим, зургийн бүтээлүүд нийтийн өмч болж байгаа.

Тухайлбал Чарли Чаплиний дуугүй романтик инээдмийн кино “The Circus”, Английн зохиолч А.А.Милнегийн “The House at Pooh Corner”, Д.Х.Лоренсын “Lady Chatterley’s Lover” зэрэг зохиолууд Америкчуудын өмч болж байна.

Дисней компанийн хувьд оюуны өмчөө хамгаалахаар АНУ-ын эрх баригчидтай урт хугацаанд тэмцэж ирсэн түүхтэй.

Микки, Минни хулгануудын дүрсийг анх 1984 онд Диснейн өмчлөлөөс чөлөөлөх гэж байсан ч Конгресс эзэмших хугацааг нь дахин 20 жилээр сунгаж байжээ.

Диснейн тэмцлийн үр дүнд 2004 онд дахин 20 жилээр сунгасан юм.

Гэвч энэ удаа дахин хойшлуулах аргагүй болсон байна.

Хэдийгээр өмчлөх эрх нийтэд нээлттэй болж байгаа ч энэ эрх тодорхой хязгаартайг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

“Дисней компанийн зардаг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнд дүрсийг ашиглах боломжгүй. Жишээлбэл би Микки, Минни хоёрын зурагтай цамц зарах гэтэл Дисней бас тийм цамц зардаг бол ашиглах боломжгүй гэсэн үг” гэж Нийтийн Өмчийн Судалгааны Дюк Төвийн захирал Женифер Женкинс тайлбарлажээ.

Дисней компанийн төлөөлөгч Микки болон бусад дүрүүдийн ашиглах эрхтэй холбоотой хүмүүсийн буруу ойлголтыг засаж залруулахад хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдсэнээс үзвэл тус компанийн оюуны өмчийн тэмцэл үргэлжлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version