Дэлхий

Шинэ оны эхний өдөр Оросын арми Украины хотууд руу 90 ширхэг нисгэгчгүй онгоцоор довтлов

Нийтэлсэн

Шинэ оны эхний өдөр Оросын арми Украины хотууд руу Шахед төрлийн 90 ширхэг дроноор довтолжээ. Энэ нь дайн эхэлсэн цагаас хойш нэг удаагийн агаарын цохилтод хамгийн олон нисгэгчгүй онгоц ашигласан тохиолдол болж байна.

Украины зэвсэгт хүчин эдгээрээс 87-г нь устгаж чадсанаа мэдээлжээ.

Харамсалтай нь Хар тэнгисийн боомт Одесса хотын дээрээс устгасан дрон унах үеэр долоон хүн шархдаж, 15 настай нэг хүү амь үрэгдсэн байна.

Баруун Украины Львов хотын музей, Дубляни хотын их сургуулийн барилга Оросын дроны цохилтод гэмтжээ.

Шинэ оны эхний өдөр цэргийн эмнэлэгт зочилсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин он гарахын өмнө хил орчмын Белгород хотод гарсан халдлагын хариуд Украинд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлэхийг амласан байна.

Бямба гарагт Украины талаас явуулсан агаарын довтолгооны улмаас Белгород хотод 25 хүн амь үрэгдсэний тав нь хүүхэд байсныг орон нутгийн захиргаа мэдээлсэн юм.

“Тэд биднийг айлгаж, улс оронд тодорхойгүй байдал үүсгэхийг хүсэж байна. Бид цохилтоо эрчимжүүлэх болно. Манай энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг шийтгэлгүй өнгөрөхгүй” гэж Путин эмчлүүлж буй цэргүүдтэй уулзах үеэрээ хэлжээ.

Украины зэвсэгт хүчний эх сурвалж Бямба гарагийн агаарын довтолгоо нь иргэний биш, зөвхөн цэргийн байгууламжуудад чиглэсэн, Оросын агаараас хамгаалах системийн унагасан дронууд энгийн хүмүүсийг хохироосон гэж тайлбарласан юм.

Белгородын халдлагын өмнөх өдөр буюу Баасан гарагт Оросын арми дайн эхэлснээс хойших хугацааны хамгийн том агаарын довтолгоог явуулсны улмаас Украин даяар 49 хүн алагдаад байв.

Путин өчигдөр цэргүүдтэй уулзах үеэрээ Украины дайныг зөвхөн өөрийн тавьсан нөхцөл шаардлагын дагуу аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version