Дэлхий
Японд болсон газар хөдлөлтийн улмаас 84 хүн амь үрэгдэж, 179 хүн сураггүй болоод байна
Шинэ оны эхний өдөр Япон улсад тохиосон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 84, сураггүй бологсдын тоо 179 хүрснийг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Гамшгийн голомт болсон төв Японы Ишикава мужийн захирагч Хироши Хасе газар хөдөлснөөс хойш яг 72 цагийн дараа буюу Пүрэв гарагийн 16:00 цагийн байдлаар энэ тоог мэдээлсэн байна.
Энэ үеэр тэр бас нурангид дарагдсан хүмүүсийн амьд үлдэх магадлал эрс багасаж буйг мэдэгджээ.
Өчигдөр өдөр амины орон сууцныхаа нэгдүгээр давхарт дарагдсан 80 гаруй насны эмэгтэй амьд гарсан тухай мэдээ япончуудыг баярлуулсан юм.
Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида энэ удаагийн газар хөдлөлтийг сүүлийн жилүүдэд гарсан хамгийн их хохиролтой байгалийн гамшиг болсныг өчигдөр мэдэгдсэн юм.
Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Ното хойгийн газар зүйн байрлалын онцлог аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулж буйг тэр бас мэдээлжээ.
“Нөхцөл байдал хүнд байгаа ч бид хохирогчдыг аврахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж Кишида энэ үеэр амласан байна.
7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа хэдэн зуун чичиргээ дараалан үргэлжилсэн нь хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлжээ.
Олон мянган аврагчид, цэргийн алба хаагчид, цагдаа нар нурангид дарагдсан хүмүүсийг тасралтгүй хайж байна.
Ишикава мужийн Япон тэнгисийн эрэг дагуу нутагт 30,000 орчим айл өрх цахилгаан хангамжгүй болсноос гадна зэргэлдээ хоёр мужийг оролцуулаад 89,800 орчим өрхийн цэвэр усны хангамж тасарчээ.
Дэлхийн бөмбөрцгийн хэд хэдэн тектоник хавтангуудын зааг дээр оршдог Япон улсад жил бүр хэдэн зуун газар хөдлөлт бүртгэгддэг ч ихэнх нь ямар нэг хохирол учруулалгүй өнгөрдөг. Энэ нь сүүлийн 40 гаруй жил тус улсад мөрдөгдөж буй барилгын чанарын хатуу стандарттай холбоотой.
Сүүлийн газар хөдлөлт болсон Ишикава мужийн Ното орчимд сүүлийн таван жилийн хугацаанд газар хөдлөлтийн давтамж, эрчим байнга нэмэгдэж байгаа юм байна.
Үүнээс өмнө 2011 оны гуравдугаар сард далайн гүнд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөхөд цүнами үүсэж, Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц осолдсоны улмаас 18,500 орчим хүн амиа алдсан нь Японы түүхэнд гарсан томоохон байгалийн гамшигт тооцогдож байв.
Эх сурвалж: AFP