Дэлхий

Иранд гарсан террорист халдлагыг үйлдсэнээ Исламын Улс зэвсэгт бүлэглэл хүлээжээ

Нийтэлсэн

Лхагва гарагт Ираны Керман хотод болсон генерал Кассем Сулейманы дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааны үеэр хоёр бөмбөг дараалан дэлбэрсний улмаас 95 хүн амиа алдаж, 284 хүн шархадсан билээ.

Энэ нь 1979 оны Исламын хувьсгалаас хойш тус улсад гарсан хамгийн олон хохирогчтой аллага болсон юм.

Тухайн өдөр нь Ираны хувьсгалт гвардын командлагч агсан Кассем Сулейманы 2020 онд АНУ-ын агаарын цохилтод амь үрэгдсэний дөрвөн жилийн ойн өдөр байв. Ираны хилийн чанад дахь ажиллагаануудыг удирддаг Сулейманийг Ирак улсын нийслэл Багдад хотын нисэх буудалд дроны цохилтоор устгасан юм.

Тэгвэл Лхагва гарагийн халдлагыг үйлдсэнээ суннит урсгалыг баримтлагч Исламын Улс зэвсэгт бүлэглэл өчигдөр хүлээжээ.

Ёслолын ажиллагаанд оролцохоор цугларсан хүмүүсийн дунд орсон хоёр амиа золиослогч биедээ зүүсэн бөмбөгийг дараалан дэлбэлсэн тухай тус байгууллага Телеграм хуудсандаа мэдээлсэн байна.

Үүний дараа Тегераны эрх баригчид халдлагыг үйлдсэн этгээдүүдээс өшөө авахаа амлажээ.

“Сулейманийн цэргүүд тэдний эсрэг маш чанга хариу арга хэмжээ авах болно” гэж Ираны дэд ерөнхийлөгч Мохаммед Мохбер өчигдөр Керман хотод сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийг өнөөдөр буюу Баасан гарагт оршуулах бөгөөд энэ үеэр Ираны эрх баригчид эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулахаар болжээ.

Исламын Улс бүлэглэл 2022 онд Ираны шийт урсгалын сүмд бөмбөг дэлбэлж, 15 хүний амийг хөнөөж байв.

2017 онд мөн Ираны парламентын ордон, Исламын Бүгд Найрамдах Улсыг үүсгэн байгуулагч Аятолла Рухолла Хомейнигийн бунханд үйлдсэн халдлагуудыг тус бүлэглэл үйлдсэнээ хүлээж байжээ.

Иймэрхүү террорист халдлага нутаг дэвсгэрт нь гарах бүрд Ираны эрх баригчид Израил, АНУ-ыг буруутгадаг.

АНУ-ын засаг захиргаа Лхагва гарагийн халдлагад оролцоогүйгээ мэдэгдэж, Израиль улс оролцсон гэж үзэхгүй байгаагаа бас илэрхийлсэн юм.

Иранчуудтай шашны номлол урсгалын хувьд (исламын суннит болон шийт) зөрчилддөг Исламын Улс бүлэглэлээс гадна Иран дахь үндэсний цөөнх Балучи, Араб гаралтай салан тусгаарлагчид голдуу ийм халдлага зохион байгуулдаг байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version