Нийгэм
Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнгөрөгч амралтын өдөр /2024.01.06/ холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн асуудлыг шалгаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог юм” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгжүүд Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна” гэлээ.
Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох юм.
Сэлбэ голд үүссэн халиа тошингийн түвшин 14 хоног тутамд нэмэгдэж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болно” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна” хэмээлээ.
Зөвшөөрөлгүйгээр хур хог үүсгэж буй байршилд камержуулалтыг сайжруулна
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж. Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг дүүргүүд хариуцдаг болсон. Харьяа дүүрэг, хорооны олон нийтийн байцаагч нарын хараа хяналтыг сайжруулах, камержуулалт, гэрэлтүүлгийг нэмгдүүлэх шаардлагатай байна. Эзэн бие нь тодорхойгүй этгээдүүд нууцаар хур хог хаяж, үүнийг нь нийслэл, дүүргээс төсөв гарган цэвэрлэдэг. Гэвч хэдэн сарын дараа дахиад л хур хог үүсдэг. Тиймээс хариуцлагын тогтолцоог чангаруулж, байгаль орчинд ээлгүй, зөвшөөрөлгүй хог хаяж буй этгээдүүдийг тогтоож, хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр төлүүлнэ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд уг асуудалд томоохон шийдэл гарган ажиллах хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс