Эрүүл мэнд

“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу “Итгэл” төвийн мөнгө угаалт-VII

Нийтэлсэн

В, С вирусийн шинжилгээг худлаа хийсэн лабораториуддаа хариуцлага тооцож чаддаггүй юм бол
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ та ажлаа өгнө үү

 

/Итгэл/ төвөөс тоног төхөөрөмж авсан лабораторууд

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд анх 2017 онд 21 лаборатори ЭМДЕГ-тай В, С вирус тоолох гэрээ байгуулсан байдаг. Харин 2018 онд энэ тоо 28 болж нэмэгдсэн. Гэхдээ тэд чухам ямар, шалгуур үзүүлэлт даван, гэрээ байгуулсан нь нууц байгаа. Магадгүй тэдний ард эрх ашгийн том бүлэглэл байхыг ч үгүйсгэхгүй юм. Эс бөгөөс энэ лабораториуд хоёр жилийн хугацаанд өчнөөн мянган иргэнийг хуураад зогсохгүй эрүүл мэндийн салбарт хээв нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй баймаар. Дээрх 28 лабораторийн 15 нь багаар бодоход нэг жил гаруйн хугацаанд чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж, оношлууртай, мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан нь ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний шалгалтаар илэрсэн. Гэхдээ энэ нь лабораториудад хийсэн цор ганц шалгалт биш. Үүнээс өмнө лабораториуд хэд хэдэн удаа ХӨСҮТ болон Австралийн үндэсний лавлагаа лаборатори (NRL) хөндлөнгийн шалгалт хийж байсан. Харамсалтай нь энэ шалгалтад хэн ч хяналт тавиагүй. Лабораториуд шалгалтад унасан ч, тэнцсэн ч түүнийг нь эргэж хардаггүй, хариуцлага тооцдоггүй, гаргасан алдаагаа засаж байгаа эсэхийг хянадаггүй байсан нь Монголд лабораториудын чанарыг хянах тогтолцоо сул явж ирснийг харуулж байна. Цаашлаад энэ нь Монголд эрүүл мэндийн тогтолцоо ийн хөсөр хаягдахад, хэдэн мянган хүн эрүүл мэндээрээ хохирч үлдэхэд хүргэж буй. Бид өмнөх нийтлэлүүдээрээ дээрх 15 лабораториос “Хаппи веритас”, “Ай Ти” лаборатори, “Итгэл” эрүүл мэндийн төвийн хэрхэн луйвар хийснийг хөндсөн. Харин энэ удаа “Итгэл” эрүүл мэндийн төвийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг авч, үүнийг ашигласнаасаа болж шалгалтад унасан найман лабораторийг онцолж байна. Тус төвийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь В, С вирусийг copies/ml нэгжээр хэмждэг. Харин олон улсад болон манайд В, С вирусийг IU/ml нэгжээр хэмжих учиртай. Гэтэл “Итгэл”-ийнхэн copies/ml-ийг дур мэдэн хэд хэдэн янзаар IU/ml-д шилжүүлэх санал гаргаж байсан. Мөн энэ багаж нь нуклейн хүчлийг гар аргаар тоолдог байтал тус төвийн гүйцэтгэх захирал Д.Гантулга лабораториудад “Бүрэн автомат” хэмээн баталгаа гаргаж байжээ. Иймээс бид эдгээр лабораторидаа хариуцлага тооцож чадахгүй бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа өгөхийг сануулж байгаа. “Итгэл” төвөөс тоног төхөөрөмж авсан найман лабораторийн гурав нь санаатай ноцтой алдаа гаргаж байсан бол тав нь тоног төхөөрөмжөө сонгон авч чадаагүйгээс шалгалтад унажээ.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ СОНГОЖ ЧАДААГҮЙ ТАВ

Үүнд Улсын II төв эмнэлэг, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, “Протлаб”, “UB” нэгдсэн лаборатори орно. Тэдний хувьд “Итгэл” эрүүл мэндийн төвөөс аппарат авсантай холбоотойгоор алдаа гарах бүх эхлэл тавигдсан. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, цаашид үүнийгээ засах хүсэлтэй байгаа аж. Тэдний гаргасан нийтлэг алдааг дурдвал,
1.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд ашигласан цомог нь Монгол болон олон улсын хэмжээнд мөрдөж буй вирусийн эмчилгээний удирдамжийн шаардлага хангахгүй байсан.
2.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг зөрчсөн, бодис урвалж хэмнэсэн.
3.    Австралийн үндэсний лавлагаа лаборатори (NRL)-ийн чанарын хяналтад хамрагдах техникийн бололцоогүй. Үүнийгээ мэдсээр байж чанарын хяналтад хамрагдаж, ямар нэгэн дүгнэлт өгөх бололцоогүй хариу авсан.
4.    Олон удаагийн чанарын гадаад хяналтанд хангалтгүй дүн үзүүлсэн.
Энэ зөрчлүүд доорх лабораториудад ч мөн байсан. Гэхдээ тэдний зөрчил санаатай төдийгүй хор уршиг ихтэй байсан тул тусгайлан дурдъя.

 “ОНКОГЕН” ЛАБОРАТОРИ

“Итгэл” эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Д.Гантулгын эхнэр М.Отгонцэцэг энэ лабораторийн захирал. Тус лаборатори ЭМДЕГ-тай 2017 онд гэрээ байгуулсан анхны 21-ийн нэг. “Итгэл” төвийн буюу нөхрийнхөө нийлүүлсэн тоног төхөөрөмжийг оношилгоондоо ашиглаж, шалгалтаар  дараах зөрчлүүд илэрсэн.
1.  Гепатитын В, С вирусийн хяналтын дээжүүдэд хийсэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний хариу буруу гарсан.
2.  Гепатитын С вирусийн тоологдох ёстой гурван дээжийн гурав дээр алдаа гаргасан.
3.    Гепатитын С вирусийн ачаалал бага тоологдож байгаа дээжид сөрөг (вирусийн халдвартай хүнийг эрүүл) гэж хариу гарсан.
4.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийхдээ урвалж бодис бага хэрэглэж, зардлаа хоёр дахин багасгах үүднээс үйлдвэрлэгчийн зааврыг зөрчсөн.
5.    Олон улсын чанарын гадаад хяналтад удаа дараа тэнцээгүй, үүнийгээ нуун дарагдуулах зорилгоор хяналтын дээжийн хариутай өөрийн лабораторийн хариуг дөхүүлэн copies/mL нэгжээс IU/mL нэгжид шилжүүлэх коэффициентээ өөрчилсөн.
6.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байгаа ОХУ-ын ДНА Технологи компанийн тоног төхөөрөмжийн мэдрэг чанар болон бусад техникийн үзүүлэлт нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/288 тушаалаар батлагдсан гепатитын В, С вирусийн архаг халдвартай иргэдийн оношилгоо, эмчилгээний болон олон улсын эмчилгээний удирдамжид заагдсан хэмжээнд хүрэхгүй байгааг мэдэж байсан ч олон иргэнийг шинжилгээнд хамруулсан.
7. Уг лаборатори нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хэдий ч хөдөө орон нутгаас дээж тээвэрлэн, улс орон даяар шинжилгээ хийсэн нь тусгай зөвшөөрлөө зөрчсөн байна.

“ГЭГЭЭН АР ҮР” ЛАБОРАТОРИ

Тус лаборатори нь мөн л “Итгэл” эрүүл мэндийн төвийн захирал Д.Гантулгын хадам эгчийнх. Захирал нь М.Наранцэцэг гэж хүн байдаг аж. ЭМДЕГ-тай 2018 онд гэрээ байгуулсан, 2015 оны наймдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд биохими, иммунологи, молекул биологи болон бусад бүх төрлийн шинжилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, аппаратаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг хэмээн ЭМДЕГ-т материал бүрдүүлж өгчээ. Шалгалтаар тус лабораторид дараах зөрчлүүд илэрчээ.
1.    Нуклейн хүчлийг гараар ялгадаг байсан тул энэ үе шатны тухай цахим лог үлдэх техникийн боломж байхгүй.
2.    2017 онд НСV тоолуулсан иргэдийн ПГУ-ын цахим лог тоног төхөөрөмжийн комьпютер дээр олдоогүй.
3.    Гепатитын В, С вирусийн хяналтын дээжүүдэд хийсэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний хариу буруу гарсан.
4.    Гепатитын С вирусийн тоологдох ёстой гурван дээжийн хоёр нь алдаатай байсан.
5.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийхдээ урвалж бодис бага хэрэглэж, зардлаа хоёр дахин багасгах үүднээс үйлдвэрлэгчийн зааврыг санаатайгаар зөрчиж, маш ноцтой зөрчил гаргасан.
6. Олон улсын чанарын гадаад хяналтад удаа дараа тэнцээгүй, үүнийгээ нуун дарагдуулах зорилгоор хяналтын дээжийн хариутай өөрийн лабораторийн хариуг дөхүүлэн copies/mL нэгжээс IU/mL нэгжид шилжүүлэх коэффициентээ удаа дараа санаатайгаар өөрчилсөн “Итгэл” эрүүл мэндийн төвийн үйлдлийг хүлээн зөвшөөрч хамтран ажилласан.
7.  Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийж байгаа ОХУ-ын ДНА Технологи компанийн тоног төхөөрөмжийн мэдрэг чанар болон бусад техникийн үзүүлэлт нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/288 тушаалаар батлагдсан гепатитын В, С вирусийн архаг халдвартай иргэдийн оношилгоо, эмчилгээний болон олон улсын эмчилгээний удирдамжид заагдсан хэмжээнд хүрэхгүй байгааг мэдэж байсан ч олон иргэнийг шинжилгээнд хамруулсан.
8.    2017 оны гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний нарийвчилсан бүртгэл байхгүй.
9.    ЭМС-ын 2018 оны А/196 дугаар тушаалаар баталсан “Гепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, лабораторийн оношилгоо хийх заавар”-ыг мөрдөж ажиллаагүй.
10.    ЭМС-ын 2016 оны А/93 дугаар тушаалаар баталсан “Сорьц зөөвөрлөх журам”-ыг мөрдөж ажиллаагүй. Увс, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Завхан, Архангай аймгаас 2017-2019 онд сорьц тээвэрлэсэн бөгөөд Увс, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул аймгийн холбогдох албан тушаалтантай сорьц тээвэрлэх гэрээ хийсэн боловч Хөвсгөл, Завхан аймагтай 2018 онд байгуулсан гэрээгүйгээр  нийт  2267  сорьц тээвэрлэсэн байна. Сорьц цуглуулсан болон сорьц илгээсэн тухай бүртгэл, гарын үсэг байхгүй. Мөн сорьц хүлээн авсан он сар, хүлээн авсан ажилтан болон хүлээлгэн өгсөн жолоочийн гарын үсэг бүхий бүртгэл байгаа ч энэ нь илгээсэн сорьцын тоо ширхэгтэй таарахгүй зөрүүтэй байжээ.
11.    Уг лаборатори нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хэдий ч хөдөө орон нутгаас дээж тээвэрлэн, улс орон даяар шинжилгээ хийж тусгай зөвшөөрлөө зөрчсөн байна.

“АЙ ТИ” ЛАБОРАТОРИ

“Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори нь мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон талаар бид тав дахь цувралдаа бичсэн. Тодруулбал, Д.Цолмон гэгч лабораторийн эмчийн бичиг баримтыг өөрт нь мэдэгдэлгүйгээр ашиглаж, “Манайд ажилладаг” хэмээн ЭМДЕГ-ынхныг хуурсан байна. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэг дөрвөн жилийн хугацаанд өвчтөнүүдэд мэргэжлийн эмчгүйгээр шинжилгээ хийж байсан гэсэн үг. Мөн тус лаборатори “Итгэл” эрүүл мэндийн төвөөс шаардлага хангахгүй тоног төхөөрөмж авсан аж. “Ай Ти” лабораторид шалгалтын үеэр дараах зөрчлүүд илэрчээ.
1.    Лабораторийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Үүнийгээ нуун дарагдуулах, худлаа мэдээлэл өгөх оролдлого удаа дараа хийсэн.
2.    Гепатитын В, С вирусийн хяналтын дээжүүдэд хийсэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний хариу  алдаатай гарсан.
3.    Гепатитын С вирусийн ачаалал бага тоологдож байгаа дээжид сөрөг (вирусийн халдвартай хүнийг эрүүл) гэж хариу гаргав.
4.    ЭМДЕГ-тай байгуулсан “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-г зөрчиж, бүрэн автомат бус тоног төхөөрөмж ашиглан, үйлдвэрлэгчийн, улмаар оношилгоо эмчилгээний зааврыг зөрчин 4400 гаруй даатгуулагчид гепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийсэн.
5.    Гепатитын В, С вирусийн хяналтын дээжүүдэд хийсэн шинжилгээний үеэр алдаа гаргаж, стандарт дээжүүд ялгагдаагүй.
6.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний (нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийх) тоног төхөөрөмжийн логуудыг гаргаж өгч чадаагүй.
7.    Гепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний (нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийх) лабораторийн нарийвчилсан бүртгэл байхгүй.
8.    Тус лабораторийн ашигладаг Sacace компанийн гепатитын В, C вирусийн тоолох оношлуурыг баталгаажаагүй төхөөрөмжин дээр ашигласнаараа (DT-Lite4) үйлдвэрлэгчийн улмаар оношилгоо, эмчилгээний заавруудыг зөрчсөн.

Exit mobile version