CGTN мэдээ

Хөшигний ард нуугдсан Америк

Нийтэлсэн

Европын эрдэмтэн Ян Оберг саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Америк Хятадын талаар сөрөг мэдээлэл хийдэг сэтгүүлчдийг бэлтгэж сургах зорилгоор таван жил дараалан санхүүжилт хийж, хуулийн төсөл санаачилсан тухай ярьжээ. Тэгвэл түүний хэлсэн хуулийн төсөл нь 2021 оны 4-р сард Америкийн Сенатын гадаад харилцааны хорооноос баталсан “2021 оны Стратегийн өрсөлдөөний тухай хууль”ийн агуулгатай яв цав нийцсэн аж.

Энэхүү хуулийн төслийн агуулгыг судалж үзэхэд Америк 2022-2026 оны санхүүгийн жилүүдэд “Хятадын олон улс дахь нөлөө тусгал”-ийн эсрэг жил болгон 300 сая ам. доллар (нийт 1.5 тэрбум ам. доллар) хуваарилахыг санал болгожээ. Хуулийн төсөлд, Хятад улсын нийтэлсэн “худал мэдээлэл”-ийг хянах, эсэргүүцэх зорилгоор Америкийн Олон улсын хэвлэл мэдээллийн агентлаг зэрэг холбогдох байгууллагуудад жил бүр 100 сая ам. доллар санхүүжүүлнэ. Засгийн газрын агентлагууд сэтгүүлчдийг бэлтгэж, тэд “Бүс ба Зам” санаачилгыг мөрдөн байцаахад техникийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй хэмээн бичжээ. Түүнчлэн Хятадын Шиньжяны талаар хуулийн төсөлд 20 гаруй удаа дурдаж, Америк Хятадын Шиньжяны үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг онцолжээ.

Сүүлийн жилүүдэд Америк Хятадыг стратегийн хамгийн том өрсөлдөгчөөр үзэж, Хятадын эсрэг бүхий л дарангуйлах аргаа хэрэглэснээр “олон нийтийн үзэл бодлын дайн”, “танин мэдэхүйн дайн” урьд өмнө байгаагүй ширүүн явгадсан юм. Эдгээрийн дотроос “Бүс ба Зам” санаачилга, Хятадын эдийн засаг, Шиньжян зэрэг нь Америкийн гүтгэлгийн гол сэдэв болсон юм. Тэгвэл Вашингтоны Хятадын эсрэг олон нийтийн үзэл бодлын дайн эхлүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж байна вэ?

Нэг. “Байгууллага нэгж-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл-Засгийн газар” гэх худал мэдээлэл бичиж тараах бүрэн бүтэн дамжлаг, гинжин хэлхээг бүрдүүлэв

Олон жилийн турш Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн салбарт давуу байр суурийг эзэлсээр ирсэн юм. Тэдгээрийн дотроос АНУ-ын Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагт харьяалагддаг “Америкийн дуу хоолой” (VOA), “Чөлөөт Азийн радио” (RFA) зэрэг нь байгуулагдсан цагаасаа маш чанга улс төрийн өнгө аястай гэдгийг олон улсаар андах юун.

“Америкийн дуу хоолой” VOA-г жишээлэхэд, тус хэвлэлийн 2023 оны “Бүс ба Зам”-тай холбоотой мэдээ мэдээллийн 93 гаруй хувь нь “өрийн урхи” гэх мэт сөрөг мэдээллүүд юм.

Шведийн “Бүс ба Зам” судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хуссейн Аскари “өрийн урхи” гэсэн нэр томьёоны гарал үүслийг судалсан бол энэ үг 2018 оны тавдугаар сард л анх олон нийтийн чихэнд орж ирснийг тэр тогтоожээ. Тухайн үед АНУ-ын Төрийн департамент Харвардын Кеннедигийн сургуулийн “Өрийн дипломат ажиллагаа” нэртэй баримт бичгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан бол уг баримт бичгийг зохиогчдын нэг нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны албан тушаалтан байв. 2018 оноос хойш “Бүс ба Зам” санаачилгын өрийн талаарх мэдээлэл эрс нэмэгдсэнийг статистик мэдээллээс харж болно. “Өрийн урхи” бол Америкийн хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээний хамтын ажиллагааны үр дүн гэж болно.

Бас нэг жишээ дурдъя. 2023 оны 11-р сард “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт зохион байгуулагдсанаас ердөө хоёр долоо хоногийн дараа АНУ-ын Уильям, Мэригийн коллежийн тусламжийн мэдээллийн судалгааны лаборатори (AidData) тайлан гаргаж, “Бүс ба Зам” Зам”-ын 80 орчим хувийн зээлийг санхүүгийн хямралд орсон улс орнууд авсан гэв. Үүний дараахан АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн дуу авалцаж, эдийн засгийн хөгжлийн өөрийн гэсэн найз нөхдийн тойрог бий болгохыг засгийн газартаа уриалав. Бараг үүнтэй нь зэрэгцэн Америк анх удаа “Эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх Америк тивийн түншлэлийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулав. Уулзалтаар АНУ-ын удирдагч “өрийн урхи”-ыг дурдаж, Америк тивийн орнууд нэг талыг барьж, зөвхөн АНУ-тай хамтран ажиллахыг шаарджээ.

Энэхүү AidData гэдэг нь яг ямар байгууллага вэ? АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) албан ёсны вебсайтад мэдээлснээр AidData нь яг энэхүү агентлагийн байнгын санхүүжилттэй байгууллагуудын нэг аж.

Хоёр. Гадаадын хэвлэл мэдээллийг ашиглан тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийг гүтгэн харлуулах

2022 оны 5-р сард Зимбабвегийн “Стандарт сонин” Хятадын уул уурхайн компаниуд орон нутгийн ажилчидтай зүй бусаар харьцдаг, “Зимбабве гаралтай ажилчин бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ажлаасаа ч халагдсан”. Мэдээний агуулгыг Зимбабвегийн Мэдээллийн Хөгжлийн Итгэлцлийн сан (IDT) хамтран бэлтгэлээ хэмээн бичжээ. Гэвч төд удалгүй Зимбабвегийн “Хералд” сонин нийтлэл гаргаж, тухайн ажилтан хятад ажилтантай ямар нэг байдлаар хэрүүл хийж, зодуулаагүй бөгөөд ажлаас нь халаагүй гэдгийг олон баримтаар нотолсон байна.

Тэгвэл “Стандарт сонин” яагаад энэ худал мэдээллийг нийтэлсэн бэ? Энэ нь тус сонины хамтран ажилладаг IDT хөшигний арын удирдагчтай шууд холбоотой. 2021 оны 9-р сард эл сан Зимбабве болон хөрш зэргэлдээ орнуудын хэвлэл мэдээллийн 12 сурвалжлагчийг семинарт урьж, Хятадтай холбоотой сөрөг мэдээг нийтлэх “дараагийн шатны үүрэг”-ээ хуваарилжээ. Мөн тэднийг дамжаа сургалтад хамруулж, Яаж Хятадын аж ахуйн нэгжийг “онилох”, яаж асуудал сэдэх тухай заагаад нийтлэл хэвлэгдсэний дараа сурвалжлагч дундын зууч байгууллагаар дамжуулан Зимбабве дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас нийтлэл бүрд 1000 ам.долларын урамшуулал авах боломжтойг сануулжээ.

Гурав. “Жүжигчин” хөлслөх

Худал мэдээллээ “жинхэнэ” болгохын тулд Америк заримдаа бас “мэдээ мэдээлэлд дурдагдсан этгээд” гэгчийг олдог аж. 2019 онд өөрийгөө БНХАУ-ын Шиньжян гаралтай гэх Замүрэ Давути нэртэй эмэгтэй камерын өмнө дуу алдан уйлж, “миний аавыг олон удаа шалгаж байцаасны эцэст нас барсан, би өөрөө сургах төвд албадлагаар фаллопийн гуурсан хоолойгоо боолгосон” гэжээ. Удалгүй өөр хүн биш, түүний төрсөн ах нь гарч ирээд, тэдний аав зүрхний шигдээсээр эмнэлэгт нас барсан бөгөөд амьд байх хугацаанд нь нэг ч удаа мөрдөн байцаалт явуулж, цагдан хоригдоогүй. Замүрэ Давутийн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа эмнэлэгт сайн дураараа кесар хагалгаа хийлгэж, фаллопийн гуурсан хоолойгоо боолгосон гэжээ.

Америкийн хараат бус хэвлэл мэдээллийн “Саарал бүс” цахим хуудас болон бусад мэдээлэлд дурдсанаар, энэ Замүрэ Давути гэх эмэгтэйн тухай яриа бол Америк дахь Хятадын эсрэг орон нутгийн байгууллагуудын “сонгодог” үлгэрийнх нь нэг аж. Хятадын эсрэг эдгээр байгууллагуудын санхүүгийн дэмжигчид нь АНУ-ын засгийн газрын нөгөө олонд алдартай “цагаан бээлийтэн”-Ардчиллын үндэсний сан гэдэг нь тодорхой болж.

Удаан хугацааны турш АНУ дэлхийн цорын ганц супер гүрний статусаа хадгалахын тулд олон нийтийн үзэл бодлын дайныг цэрэг дайн, эдийн засаг, дипломат арга хэрэгсэлтэй нягт уялдуулан явгадуулсаар ирсэн. Гэсэн хэдий ч үндэсний хүч нь сулрахын хэрээр тус орон “ёс суртахууны өндөрлөг” хэмээн өөрийг өргөмжилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн үзэл бодлыг төөрөгдүүлэх аргыг улам ч илүү ашиглах болж байна. Гэвч хүйтэн дайны үед ид ашигласан энэхүү башир аргаа сэргээх оролдлого нь энэ эрин үетэй нийцэхгүй, дэлхий нийтийг хуурч чадахгүй гэдгийг тэд таньж мэдэх хэрэгтэй юм.

Exit mobile version