Дэлхий
Франц улс түүхэндээ хамгийн залуу ерөнхий сайдтай боллоо
Өчигдөр буюу Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайдыг томилжээ.
Шинэ ерөнхий сайд Габриэл Атталь одоо 34 настай бөгөөд өмнө нь боловсролын сайдын албан тушаалыг хашиж байсан юм.
Амбиц, нэр алдар, улс төрийн үзэл баримтлал зэргээрээ Макроныг санагдуулдаг түүнийг Францын олон нийт “нялх Макрон” гэж нэрлэдэг.
Атталь бас Францын түүхэнд ижил хүйстэн болохоо нийтэд ил тод зарласан анхны ерөнхий сайд болж байна.
Атталь өөрийнхөө томилгоог Макроны зоригтой шийдвэр гэж тодорхойлжээ.
“Францын түүхэнд төрсөн хамгийн залуу ерөнхийлөгч мөн хамгийн залуу ерөнхий сайдыг томиллоо. Би үүнийг эр зоригийн бэлэг тэмдэг гэж харж байна” гэж тэр хэлсэн байна.
Тэрбээр бас хувийн бизнесийг дэмжих замаар Францын эдийн засгийг шинэчлэх Макроны бодлогыг үргэлжлүүлж, залуу үе болон боловсролын салбарт анхаарал тавихаа амлажээ.
Өмнөх ерөнхий сайд Элизабет Борнег танхимынх нь хамт огцруулсан Макроны энэ алхмыг ирэх зургаадугаар сард болох сонгуульд ялах зорилготой авсан арга хэмжээ гэлцэж байна.
Сүүлийн үеийн санал асуулгаар Макроны төв үзэлтэй нам Марин Ле Пэний хэт барууны үзэл баримтлалтай Үндэсний Хөдөлгөөн намаас хоцорч яваа.
Тиймээс Макрон хоёр дахь удаа ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд “залуу улс төрч Атталийн нэр хүндийг ашиглах нь” гэж ихэнх ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: The Guardian