Улс төр
ГХЯ: БНХАУ-аас 336 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан
БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяны талаар Гадаад хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас өнөөдөр /2020.02.18/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилжээ.
ХҮНД НӨХЦӨЛД ОРСОН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
Тэрбээр “Нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш орон болох БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, тус улсын эдийн засаг болон нийгэмд хүндрэл үүсээд байна. Тиймээс БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аяныг өнөөдрөөс албан ёсоор нээж байгааг зарлаж байна. 2018 онд 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байна. Мөн нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгосон юм. Тиймээс бид хүнд нөхцөлд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ёстой.
Сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН бүр хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтийг хялбар шийдэх үүднээс ийн нэгдсэн зохион байгуулалт хийнэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг учраас бага ч болов сэтгэлийн дэмжлэгийг нэгдэхийг уриалж байна. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341 303 432 597 дансанд хандив өргөх боломжтой. Цугларч буй хандивын мэдээллийг хандивын хамт долоо хоног бүр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгнө” гэв.
ДЭМБ: ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙГ УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “БНХАУ-д туслах нэгдсэн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулахаас өмнө Засгийн газар, Ардчилсан нам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-д сургууль төгсөгчдийн холбоо гэхчлэн байгууллагуудаас тодорхой хэмжээний хандивыг өгсөн. Үүнийг харахад тус тусдаа бус нэгдсэн нэг зохион байгуулалтад орох юм бол илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс улс орнууд дор бүрээ өөрсдөө илүү зохион байгуулалттай ажиллаж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллавал эрсдэлгүй даван гарах боломжтой хэмээн ярьж байгаа. Тиймдээ ч Монгол Улс урьдчилсан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Хамгийн гол нь энэ үед дэлхийн түвшин болон улс орнуудын хувьд ч тэр улстөржихгүй байх, улстөрийн зорилгоор шинэ төрлийн коронавирусийг ашиглахгүй байх хэрэгтэй гэдгийг ДЭМБ-ын удирдлагууд ярьж байгаа” гэв.
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙНЭ ГЭЖ ЯРИХАД ЭРТ БАЙНА
Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Өнгөрсөн оны 1-2 сартай мөн үеийг харьцуулахад хоёрдугаар сард төсвийн орлого хамаагүй багассан тоон үзүүлэлтэй байна. Гэхдээ төсвийн тодотголыг ямар үед хийх ёстой вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Хэрэв төсвийн орлого тасарсан, төсвийн зардал нэмэгдсэн үед төсвийн тодотгол хийдэг. Эхний нэгдүгээр улирлын статистик тоон үзүүлэлтүүд нэгтгэгдэж гараагүй учраас төсвийн тодотгол хийнэ гэж ярихад эрт байна”гэв.
ТӨЛБӨРӨӨ ХАРИУЦААД, ЭХ ОРОНДОО ИР ГЭДЭГ ШААРДЛАГА ТАВИХААР БОЛОМЖГҮЙ ГЭХ ХАРИУ ӨГДӨГ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн Баасан гаригт хил хааснаас хойш 106 монгол иргэн эх орондоо ирсэн. Эдгээр хүмүүс дунд тус улсад ял эдэлж байгаад суллагдсан 16 хүн хамт ирсэн. Хэдийгээр хил хаасан ч гэсэн хөрш оронтойгоо ярьж байгаад зохион байгуулалтад оруулаад, иргэдээ автобусаар авчирсан.
Тэд Хөх хот, Эрээн, Шанхай гэхчлэн БНХАУ-ын бүх л хотоос ирсэн. Өнөөдрийн байдлаар Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод байгаа цөөн тооны хүмүүс нийлээд нийт 336 хүн эх орондоо орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд эх орондоо татаж авчирна.
Хилээр нэвтрэх журам болон зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийж ажиллаж байгаа учраас иргэдээ хурдан хугацаанд эргүүлж татах чиглэлээр ажиллаж байна.
БНХАУ-д байгаа эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг сүүлийн нэг сар бүртгэж байх хооронд мэдээлэлгүй иргэд тэнд үлдсэн байна. Нэгэнт бүртгэлд хамрагдаагүй иргэдийг төлбөрөө хариуцаад эх орондоо ир гэдэг шаардлага тавихаар боломжгүй гэх хариу өгдөг. Зарим нь визгүй, хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн төлбөрийг чөлөөлөөд, Замын-Үүдэд авчрахаар тусгаарлагдах ёстой 14 хоногийн хугацаанд идэх хоол ундны зардлаа ч гаргах чадваргүй хүмүүс байна. Нөгөө талдаа ч гэсэн БНХАУ, монгол гэж ялгалгүй л нэгэнт хөл хорио тогтоосон учраас иргэдийгээ авчрахад үнэхээр амаргүй байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.