Дэлхий
Перу улсын судлаачид харь гаригийнхны цогцос хэмээх зүйлс үнэндээ хүүхэлдэйнүүд байсныг тогтоожээ
Өнгөрсөн онд Мексик улс руу гаргах гэж байгаад Перугийн гааль дээр хураагдсан хоёр ширхэг хүн хэлбэртэй биет үнэндээ харь гаригийнхны цогцос биш, харин гараар бүтээсэн хүүхэлдэйнүүд байсныг тогтоосноо шүүхийн эмнэлгийн мэргэжилтнүүд Баасан гарагт мэдээлжээ.
Перу улсын прокурорын газрын дэргэдэх шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд гурван хуруутай гар бүхий эдгээр биетүүдийг цаас, цавуу, металл, хүн ба амьтны ясаар урласныг тогтоосон байна.
Мексикийн иргэний нэр дээр хаяглагдсан эдгээр биетүүдийг өнгөрсөн оны аравдугаар сард гаалийнхан хурааж авсан цагаас хойш Перугийн олон нийтийн дунд харь гарагийн хүмүүсийн олдворыг хулгайгаар хил давуулах гэж байсан тухай цуурхал тарсан юм.
“Дүгнэлт энгийн: Хүүхэлдэйнүүдийг манай гарагийн гаралтай амьтдын ясаар орчин үеийн синтетик цавуу ашиглан бүтээсэн тул ямар нэг эртний олдвор биш. Энэ бол харь гарагийн хүмүүсийн цогцос биш” гэж судалгааг ахалсан археологич Флавио Эстрада мэдэгджээ.
Уул толгод дээр зурагдсан Наскагийн аварга том дүрснүүд, Мачу Пичугийн туурь зэрэг эртний ховор олдвороороо алдартай Өмнөд Америкийн Перу улсад харь гаригийнхантай эдгээр байгууламжууд холбоотой гэсэн онол таамаг их яригддаг ч шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоо олдож байгаагүй юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард энэ талаар мэргэшсэн Мексикийн сэтгүүлч Хосе Хайме Мауссан болон зарим хууль тогтоогчид Перугаас олдсон харь гаригийнхны мумми хэмээх хоёр хайрцагтай зүйлийг парламентын чуулганд үзүүлсэн нь олон улсын хэмжээнд элэг доог болж байв.
Баасан гарагт Перугийн мэргэжилтнүүд өөрсдийн судалсан 60 см урт хэмжээтэй хоёр хүүхэлдэйг сэтгүүлчдэд үзүүлжээ.
Эдгээрийг бүтээхдээ шувуу, нохой болон бусад амьтдын ясыг ашигласан юм байна.
Харин гурван хуруу бүхий болхи хийцтэй гарыг рентген аппаратаар шинжлэхэд хүний ясаар бүтээсэн зүйл болох нь тогтоогджээ.
Эх сурвалж: Business Insider