Энтертайнмент

Ж.Баасанхүү: “Учиртай гурван толгой” дуурийн эрэгтэй бүх гол дүрд дуулснаараа бахархдаг

Нийтэлсэн

Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан  Ж.Баасанхүүг баасан гарагийн “Өглөөний зочин”-оор урилаа.


Нэгэн цагт аугаа Б.Шаравын  зохиосон анхны дуунуудын нэг “Очоод золгоно доо” гэдэг алдарт дуугаар нь овоглож анх ард түмэндээ танигдаж, “Чуулгын Баасанхүү” гэж алдаршиж явсан Жаргалын Баасанхүүг манай сонсогч үзэгчид “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, ”Хайрын шувуухай“, ”Ардын дууны Хандармаа”, ”Эр хоёр загал”, “Бүжинлхам”, “Биндэръя” дууг анх дуулсан гэдгээр нь андахгүй. Тэрбээр сайн дуучнаас гадна дуурь, дуулалт жүжиг, кино гээд олон төрөлд сайн жүжигчин гэдгээ харуулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Монголын Үндэсний сонгодог дуурь болох “Учиртай гурван толгой” дуурийн “Шилдэг дүр” шалгаруулах Улсын II уралдааны “Тэргүүн Юндэн”-гээр тодорч явсан нь ч түүний авьяасын нотолгоо болох буй за. Амьдралынхаа 45 жилийг урлагт зориулсан дуучин, магистр Ж.Баасанхүү өдгөө Монголын Үндэсний Их сургуулийн Урлагийн сургуульд дуулах ур зүйн багшаар ажиллахын зэрэгцээ Монгол өв соёлын түүчээ болсон монгол адууг хамгаалж өсгөж үржүүлэх, удмын санг ариун байлгах үйлст өөрийн хувь нэмрийг оруулж хос морьтой жигүүрлэж яваа аж. Ардын дуу бүжгийн чуулгын анхны дээд мэргэжлийн дуучин тэрээр Ардын болон харилцаа дуунууд, зохиолын дууны 200 гаруй баялаг урын сантай бөгөөд Монголын хамгийн олон дуулалт жүжгийн гол дүрд дуулсан дуучнаар тодорч явсан нэгэн.

-Нутаг ус, бага нас, аав ээжийнхээ талаар ярихгүй юу? Насан багын дурсамж сэтгэлд тод үлддэг?

-Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын айл. Эргээд бодоход хүүхэд нас л хамгийн жаргалтай  байдаг юм уу даа.

Ээж аавтайгаа элэг бүтэн, гутарч гуних, сэтгэлээ чилээх гэдгийг мэдэхгүй дэгдэж гүйж явсан болохоор сэтгэл зүрхэнд илүү тод, сайхан дурсамж үлдээдэг байх. Миний бага нас Бичигт, Урт Оргиогийн заводын саалийн ферм дээр л өнгөрсөн дөө. Ээж маань саальчин, аав минь агент ажилтай. Би нэг эгч, хоёр ахтай айлын отгон хүү. Эгч Цэндбум маань олон сайхан үр хүүхэдтэй, төрсөн нутагтаа амьдарч байна. Том ах Доржпүрэв Эрчим хүчний инженер мэргэжилтэй, доктор цолтой хүн бий. Бид бүгд л ижийтэйгээ хамт өтөлж явна. Бага насны амьдрал сэтгэлд тод үлддэг нь учиртай. Агент айлын хүүхэд болохоор элбэг амьдралд өлсөх цангахыг үзээгүй, тухайн үеийн ховор чихэр боорцог дураараа иддэг, эрхдүү хүү байлаа. Мэдээ орж тусад орсон цагаасаа ишиг хурга эргүүлж, тугал бяруу сүүлдэн унаж хөл минь чангарч  өсөхдөө дөнгөж зургаан нас хүрээд л хурдны морь унаж  14 нас хүртлээ хурдны морины нуруун дээр дарцаглаж явлаа. Би чинь нутаг усандаа гайхагдсан уургач, эмнэг хангал сургадаг хүү байлаа. Ээж  саальчин болохоор өглөө эрт босож үнээ ивэлгэх  их чухал ажил байсан. Хүүхэд болохоор нойрондоо  их  харам. Аав минь  л ихэнхдээ тэр ажлыг нугална.

Зуны цагт ирийтэл айлсан буусан фермийн айлуудын хүүхдүүд өглөөнөөс үдшийн бүрий болтол амрах ч завгүй адал явдал дунд цагийг зугаатай өнгөрөөнө. Хөгтэй, хөгжилтэй сайхан дурсамж олон бий дээ. Үеийнхээ хөвгүүдтэй залхталаа оодонгийн тугал бяруу хөөж гүйнэ. Унд хоолоо умартан өдөржин шахуу тоглодогсон. Сургуульд ороод мориор хичээлдээ явцгаана. Ойр хавийн  хүүхдүүд намайг хичээлдээ явахыг анаад л суучихна. Намайг молоко, консеров өвөртөлж явдаг болохоор л тэр. Зам зуур Өгөөмөрийн хадны ойролцоо очиж  жоороо найзуудтайгаа хувааж идчихээд хичээлдээ яаран очно. Сурагч нас минь аз жаргалтай,  адал явдлаар дүүрэн өнгөрсөн. Сумын сургуулиа төгсөөд аймагт  шилжин суралцаж эрдмийн их аяны зам маань үргэлжилсэн. Ажаагаасаа хойш  ижийтэйгээ олон жил амьдарлаа. Бид аавыгаа Ажаа  гэж дууддаг байсан юм. Миний хувьд жар гарталаа ижийтэйгээ амьдарна гэдэг хэн бүхэнд заяадаггүй ховор тавилан гэж билэгшээж залбирч явдаг. Ижий минь 98 наслаж үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр халамж хайранд бөмбөрч  явна. Үр хүүхдүүдийнхээ төлөө байдаг бүхнээ зориулж явсан элбэрэлт, энэрэлт ижийгээ зовоохгүй юмсан гэж   гурван хүү, ганц охин нь их л хичээж амьдарсан.

-Дуучин болох таны мөрөөдөл чинь байв уу. Зарим хүн санамсаргүй явж байгаад урлагийн хүн болчихсон гэж ярьдаг. Урлагт удмын авьяас их нөлөөлдөг юм шиг ээ?

-Сургуульд орсон цагаасаа л дуулсан болохоор дунд сургуулиа төгсөөд надад эргэлзэх юм байгаагүй. Адуучин юм уу дуучин болно гэсэн  мөрөөдөлтэй байсан.  Гэхдээ бага зэргийн адал явдалтай  гэхүү дээ. Миний дээд талын ах Ж.Дашдаваа дуучны мэргэжил эзэмшээд Дуурийн театрт ажиллаж байсан болохоор намайг дуучин болоход их нөлөөлсөн. Аравдугаар ангиа төгсөөд би ээж аав хоёртоо туслаж  хагас жил мал малласан. Намайг дуучин болох хүсэлтэйг мэддэг  ах  маань өвөл нь ирээд чамайг сургуульд ортол мэргэжлийн газар ажиллуулна гээд хот руу аваачсан. Төмөр замын Соёлын ордон,Барилгачдын соёлын ордон, Ажилчны соёлын ордон, Хилийн цэргийн чуулгад шалгуултал тэнцсэнгүй ээ. Ах одоо “Цэргийн ансамбль” дээр Д.Мяасүрэн багш дээр очно гээд ганц лонх юм аваад хамт очлоо. Д.Мяасүрэн багш намайг дуулуулж үзээд “Уг нь дуучин болмоор л хүүхэд байна. Хотын паспорт л хэрэгтэй дээ” гэж байна. Тэр үед хотын паспортыг нэг үхрээр авдаг гэсэн яриа байдаг байсан юм. Би ч ээж аавдаа үхэр хэрэгтэй болох байх шүү гээд захичихсан болохоор санаа зовоогүй. Ах гэртээ ирээд “Ер нь маргааш Дуурийн театрт Г.Дарамзагд багшид  шалгуулъя даа” гэлээ. Ах өмнө нь надад О.Лувсандамдин гуайн дуулдаг “Миний эх орны өглөө” дууг нь дуулаарай гээд зааж өгсөн юм. Энэ дуу бол баритон хоолойтнуудын хоолойн чадлыг шалгадаг дуу л даа. О.Дарамзагд багшийн өөрийнх нь зохиосон дууг дуулъя гэдэг чинь бас нэг тактик байхгүй юу. Үдийн цайны цагаар театр дээр очиход О.Дарамзагд багш, театрын Боловсон хүчин Бөнчин гуайтай цайлаад сууж байв.  Багш намайг дуулуулж,  сонсгол ритм шалгаад дажгүй л юм байна. Орон тоо байдаг юм болов уу даа. Бөнчин л мэднэ дээ гээд нүдээ ирмэж байна. Тэр хоёр ярилцаад намайг дагалдан дуучнаар авахаар  болж А3-ын  бичгийн цаасан дээр  “Түр дуучин” гэсэн үнэмлэх бичиж өглөө. Би ч бөөн баяр хөөр болж нөгөө үнэмлэхээ нандигнаж, нугалчихвий гэж хямгадаад шинэ тэмдэглэлийн дэвтэр дээрээ нааж орж гарахдаа үзүүлдэг болсон. Ингэж би Дуурийн театрт 300 төгрөгний цалинтай хоорын дуучин болсон түүхтэй. Энэ бол 1979 оны нэгдүгээр сар. Театрт орсон өдрөө л би алдарт Дон Кихотын олны хэсэгт оролцож, тайзан дээр гарахдаа их сүрдсэн. Дараалаад олон уран бүтээлд оролцож  овоо туршлагатай болсон. 1979 оны тавдугаар  сард Монголд болсон Олон улсын  Шашны төлөөлөгчдийн томоохон хуралд  Далай лам ирж оролцсон юм. Дуурийн театрт болсон тоглолтонд  хоорт дуулж байхдаа би Далай багшийг хараад дотроо сүсэглэж “Намайг сайн дуучин болгож, ивээлдээ багтаагаарай” гэж бодож залбирч гараа ардаа наминчлаж зогссон нь саяхан мэт санагдавч хэдийн  45 жил болжээ. Дуурийн театрт зургаан сар дагалдан дуучнаар ажиллахдаа мундаг уран бүтээлчдээс урлагийн хүний биеэ хэрхэн авч явах, тайзны соёл гээд их зүйл сурсан. Театрт тоглогддог дэлхийн болон үндэсний сонгодог “Учиртай гурван толгой”, “Шивээ  хиагт”, “Шарай голын гурван хаан” гээд олон дуурьт оролцож байв. Тэр үед театрт Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Д.Жамъянжав, А.Хавлааш, А.Загдсүрэн, П.Цэвэлсүрэн гээд жинхэнэ алтан үеийнхэн ид ажиллаж байлаа. Хавар элсэлтийн шалгалт болоход Улаанбаатар хотоос 86 залуус дуулаачийн ангид өрсөлдөхөд би эхний байрт орж дээд сургуульд тэнцсэн. Нэгэнт оюутан болсон болохоор ажлаасаа гарч хөдөө гэртээ харьсан. Оюутан болоод олон удаа Нам, Эвлэл Үйлдвэрчин, Эмэгтэйчүүдийн их хурлууд, чуулганы концертод найрал дуу, цөөхүүл, хамтлагийн төрлөөр дуулж, 1981 онд ангийнхаа Дэжидмаатай хамт Москвад болсон Монголын Соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн Их театрын тайзан дээр гарсанаа мартдаггүй юм.

-Оюутан болоод хэн багшийн шавь болов. Сайн дуучин болоход багш их чухал гэдэг. Одоо ялангуяа баритон хоолойтнууд дэлхийд нэрээ гаргаж монгол дуулаачийн авьяас чадвар, хоолойн цараагаар гайхуулдаг боллоо?

-Дэлхий даяарчлагдаж бидний үеийнхээс гадаад орчинтой илүү ойр холбогдож бүх зүйл нээлтэй болжээ. Манай дуурийн дуучид монгол дэг сургуулийг дэлхийд гайхуулж явааг хараад бид бахархдаг. Монголын дуучид хаана ч очоод дуулахад гологдохооргүй болсон байна. Энэ бол бидний аугаа багш нарын зүтгэл хөдөлмөрөөс гадна хувь уран бүтээлчийн уйгагүй бүтээлч хөдөлмөр гэж боддог. Бидний үед дуучин болохоор ирсэн оюутнуудыг бүх алдартнууд суучихаад дуулуулж  өөрсдөө шилж сонгож  авдаг байлаа. Би алдарт Ц.Пүрэвдорж багшийнхаа шавь болж хөл газар хүрэхгүй шахам  баярласан. Миний өдий дайтай дуучин болоход багшийн маань гавьяа их бий. Дэлхийн дуучдын олимп гэгддэг П.Л.Чайковскийн нэрэмжит Олон улсын  дуурийн дуучдын уралдааны байнгын  “Хүндэт шүүгч”-ээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан  Азийн ганц дуучин бол миний багш шүү дээ. Дээд сургууль төгсөхөөс хагас жилийн өмнө Пүүжээ багш намайг  Д.Лувсаншарав багш дээрээ дагуулж очин  уран бүтээлчийн замыг минь нээж өгсөн юм.  Нэг өдөр концертмейстр багш Янжин бид хоёрыг дагуулаад чуулга дээр очлоо. Өмнө нь Лууяа багштай цаг тохирчихсон байсан юм билээ. Шалгуулахдаа ардын дуу ”Хүдэр дунгуй”, “Шивээ хиагт” дуурийн Сүхбаатарын ари, Севилийн үсчин дуурийн Фигариогийн ариг дуулчихаад З.Батсүхийн зохиосон “Наран төгөлдөр эх орон” дууны хоёрдугаар  бадгийг дуулж байтал Д.Самбуу ах гэнэт ороод ирсэн. Дууны эзнийг  хараад жаахан эмээсэн ч давгүй л дуулчихлаа. Лууяа багш “Одоогоор манайд орон тоо байхгүй. Манайхан зургаадугаар сард Итали явна.Дипломны шалгалт өгөхдөө намайг дуудаарай, би сонсоно” гэсэн. Хавар сургуулиа төгсөхөд Соёлын яам урьдчилсан байдлаар намайг Дарханы “Залуучууд” театрт хуваарилав.Удалгүй чуулгын боловсон хүчин Загарзүсэм гуай яаман дээр очиж намайг чуулгад дуучнаар авах болсноо хэлж хуваарилуулсан. Ингэж би ангийн охин, П.Цэвэлсүрэн гавьяатын шавь Дэжидмаагийнхаа хамт чуулгынхаа хамгийн анхны дээд мэргэжлийн дуучин болсон түүхтэй. Миний  дуучин болох замд багшаас маань гадна Д.Лувсаншарав багш, хүү нь алдарт хормейстр Л.Даваахүү, охин концертмейстр Л.Халиунсүрэн нар нь их туслаж дэмжсэн. Нэг ёсондоо эдний гэр бүлийнхэн миний урлагийн замд хөтөлсөн ачтанууд болсон юм. Л.Даваахүү багшийн маань зохиосон “Шаргын шаргын жороо” зэрэг олон сайхан мэргэжлийн дуунуудыг сонсогчид андахгүй мэднэ. Монголд мэргэжлийн дуучин, найрал дууны удирдаач бэлтгэхэд их гавьяатай хүн бол Л.Даваахүү багш минь байсан. Гэргий Аюушжав эгч намайг чуулгад ороход туслах найруулагчаар ажиллаж, их зүйл зааж зөвлөгөө өгдөг байлаа. Намайг 1984 онд анх ажилд ороход алтан үеийн алдартай дуучид ид ажиллаж байсан. Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин, Төрийн шагналт аугаа их Н.Норовбанзад, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоо, Д.Банзрагч, С.Сүглэгмаа, Т.Цэцгээ, П.Мөнхөө, Г.Дорждэрэм, Б.Лхамжав нарын 12 гавьяаттай. Морины Ж.Нансалмаа, Д.Хоролсүрэн эгч хоёр маань гавьяат болоогүй гоцлол дуучид байлаа. Халх даяар алдар нэр нь түгсэн, үзэгч сонсогчдыг ёстой хуйлруулж явсан энэ сайхан дуучид намайг их сайхан хүлээж авч олон зүйлд сургасан даа. Тэр үед манай чуулга 60 гаруй хөгжимчин, 70-аад бүжигчин, З0-аад дуучинтай байлаа. Үндэсний язгуур урлаг, олон ястны дуу хөгжмийг дэлхийн олон оронд сурталчилдаг, эх орныхоо нүүр царай болсон ганц байгууллага байсан даа.

-Дуучин болоод олон уран бүтээлд дуулсан байх. Уралдаан тэмцээнд ч олон удаа оролцож шагнал авсан байлгүй?

-Би чуулгын төлөвлөгөөт бүх уран бүтээлд оролцохоос гадна хөдөө орон нутгаар явах тоглолтонд шууд гоцлол дуу дуулаад л эрч хүчтэй ажиллаж эхэлсэн. Энэ 40-өөд жилийн хугацаанд хамт олонтойгоо Дэлхийн 10 гаруй орноор явж, эх орныхоо бүх аймаг суманд очиж уран бүтээлээ толилуулсан байна. Манай чуулга түүхэндээ 1980 онд анх удаа “Сүнжидмаа” дуулалт жүжгийг тавиад цөөхөн удаа тоглосон юм билээ. 1990 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгорын найруулагаар дахиж шинээр тавихад би гол дүр Мянганд дуулсан. Энэ дүр дуучнаас маш их ур чадвар, хоолойны цараа шаарддаг. Дараа нь энэ дуулалт жүжгийн Навааны дүрд олон удаа тоглосон. Үүнээс хойш чуулгад тавигдсан дуулалт жүжгүүдийн бүх гол дүрд дуулсан. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн Мянган, Наваан, ”Алгирмаа” дуулалт жүжгийн Алтансүх, ”Данаабал” жүжгийн Данаабал,”Хулсан ташуур” жүжгийн Хун дуут Дорлиг, “Хөх торгон дээл жүжгийн Догсом сайд, ”Гоож нанаа” жүжгийн Гоож нанаа, ”Ванлий” жүжгийн аав зэрэг 10 шахам дуулалт жүжгийн гол дүрийг амжилттай бүтээж, “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Юндэн, Балган, Худалдаачин, Балганы дагуул, тэрэгч гээд бүх дүрд дуулсан. Одоо хүртэл миний энэ амжилтыг эвдээгүй байгаа.  Мэргэжлийн дуучин болгон Үндэснийхээ сонгодог дуурь “Учиртай гурван толгой” дуурьт дуулах хүсэл мөрөөдөлтэй явдаг. Миний хувьд энэ дуурийн эрэгтэй бүх гол дүрд дуулсанаараа их бахархдаг. Урлаг судлалын нэрт эрдэмтэн Г.Ренчинсамбуу багш энэ талаар ”Дуучин Ж.Баасанхүү “Учиртай гурван толгой” дуурийн бүх гол дүрийг амжилттай бүтээсэн ганц дуучин боллоо” гэж “Утга зохиол, урлаг” сонинд бичиж байсан нь надад маш том шагнал болж урам хайрласан юм. Би 1994 онд болсон “Учиртай гурван толгой” дуурийн Шилдэг дүр шалгаруулах Улсын II уралдаанд Юндэнгийн дүрээр оролцож “Тэргүүн байр” эзэлж дуурийн театрт энэ сайхан дуурьт дуулах завшаан олдсон. Дараа нь Төв аймгийнхаа театрт Юндэнд дуулсан. Ах минь дуурийн дуучин, эхнэр нь хийлч мэргэжилтэй. Манайх ингээд гурван уран бүтээлчтэй болсон. Ажаа ижий хоёр маань нэг их дуулаад найр наадам хэсдэггүй ч аавын минь талд нутаг орондоо нэртэй, уртын дуу сайхан дуулдаг нэг хөгшин байсныг би мэдэх юм. Дуучин болоод олон уралдаан тэмцээнд оролцож шагнал хүртсэн дээ. Хамгийн анх 1988 онд Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд мэргэжлийн ангилалд дэд тэргүүн байр эзэлсэн. Тэргүүн байрыг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эзэлж байлаа. “XX зууны дуунууд-25” уралдаанаас “Очоод золгоно доо” дуугаараа Гран при шагнал, yэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит мэргэжлийн дуучдын  Олон улсын  анхдугаар уралдаанаас II байрын шагнал, Монгол ардын сонгомол 10 дууны улсын уралдааны “Гран при” шагнал, Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит “Хос дуучдын улсын уралдаан”-д  гэргийтэйгээ оролцож, Тэргүүн байрын шагнал, Ц.Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит Олон улсын уралдаанаас тус тус шагнал авч байлаа.

Миний уран бүтээлд гэргий маань бас оролцож хамтран дуулж цөөнгүй уралдаан тэмцээнд амжилттай оролцож, хамтарч кино концерт бичүүлсэн байдаг. Бие даасан уран бүтээл гэвэл 1992 онд анх удаа Ардын жүжигчин А.Нэргүйтэй хамтарч “Цэцэгт хорвоогийн уянга” нэртэй тоглолтоо толилуулсан нь эхлэл нь байсан. Дараа  нь төрсөн нутгийнхаа голоор нэрлэсэн “Бадын голын уянга-1,2” тоглолтоо ганцаарчилж хийсэн. “Дуу минь чи нисээрэй”,”Монгол Ардын дууны судалбар” концерт тус тус тоглосон. Энэ хугацаанд Ардын харилцаа  болон зохиолын дуунууд, уртын болон  ардын богино домогт дуунуудаар “Сэтгэлийн хайлан”, ”Эгшгийн хурим”, ”Миний урын сан” зэрэг хэд хэдэн кино концерт хийсэн нь МҮОНТ, UB телевиз, радиогийн алтан фондод орсон. 2017 онд 30 дуутай DBD гаргасан. Кино найруулагч Д.Цогтбаатарын “Аргалын утаат нутаг” олон ангит кинонд Хөдөлмөрийн баатар малчины дүрд тоглосон. Энэ кино маань NTB телевизээр цувралаар гарсан.

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Гэргийг чинь сайхан дуулдаг гэж сонссон юм?

-Миний хань Бат-Очирын Шүрэнцэцэг Оросод оёдлын технологич мэргэжил эзэмшсэн багш хүн. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежид мастер багшаар олон жил ажилласан. Эхнэрийн маань аав нь Дуурийн дуучин болохоор багаасаа дуулах авьяастай, дуулдаг байсан юм билээ. Олон уралдаан тэмцээнд оролцож шагнал авч байсан Монгол Улсын “Тэргүүний уран сайханч” цолтой. Бид хоёр  хамтарч 30 дуутай DVD гаргасан. Хань минь  2018 онд Нийслэлийн Ахмадын хорооноос зохион байгуулсан “Тунамал авьяастнууд” Улсын уралдаанаас гоцлол дуугаар III байрын шагнал, Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит хос дуучдын Улсын уралдаанаас “Гран при”, “Эрхэм эгшиг” Улсын уралдаанаас “Гран при” шагнал шагнал тус тус хүртсэн. Ханийн маань бага нас нь Дуурийн театрын хашаанд өнгөрсөн болохоор урлагийнхантай их ойр,  урлагт их дуртай,урлагийн хүний амьдралыг ойлгодог. Нэг эгч нь хийлч мэргэжилтэй. Бид хоёрын хамтарч дуулсан зургаан дуу радиогийн фондод хадгалагдаж байгаа. Хааяа сонсохоор их сайхан байдаг юм. Манай эхнэр дүүрэг, хорооноос зохиогддог урлагийн арга хэмжээнд их оролцож  дуулдаг хүн дээ. Бид хоёр 1979 оноос эхлэн  үерхэж, гэр бүл болоод 45 жил сайхан амьдарч байна. Хүү,охин хоёртой. Нэг ач, гурван  зээ хүүтэй. Хүү маань  гитар тоглож сайхан дуулдаг.

-Таныг моринд их хорхойтой гэдгийг мэдэх юм. Ямар угшлын адуунуудтай вэ? Морьд чинь  хэр хурдалж байна даа?

-Адуу бол  миний мэдээ орсон цагаасаа нөхөрлөсөн “анд нөхөр” байгаа юм. Анх хонины морь унаж эхлээд хурдны морь унаж хүн болсон доо. Овоо томроод эмнэг хангал  сургаж үеийнхнээсээ онцгойрч явлаа. Сургуульд байхдаа зуныхаа амралтаар ойр хавийн айлуудынхаа эмнэг хангалыг сургаж өгдөг байсан. Одоо бол хоббигоороо хэдэн адуутай. Нутаг ойр болохоор зав гарвал өвөл зун гэлтгүй л дуртай үедээ очдог. Улсын наадам гэхээсээ илүү аймаг сумынхаа наадамд дажгүй л давхиж байна. Айраг түрүү авбал цэнгэлийн манлай боллоо гэж билэшгээн баярлаж, Монгол эрчүүдийн адил хурдан буянаа харж хийморио сэргээж л явна даа. Хурдан морь уяхад мөнгө төгрөг их шаарддаг ажил шүү дээ. Одоо цагт морио сайн хурдлуулахад удмаас гадна өвс тэжээл,витамин гээд мөнгө их ордог болж. Жилийн дөрвөн улиралд уйгагүй маллаж байж амжилт гаргана. Миний дотны сайн  дүү, Монгол Улсын гавьяат барилгачин Ц.Зулхүүгийн жүчээ 61-ын гарам дээр байдаг юм. Дүү маань олон сайхан хурдтай. Эдний жүчээг түшиглээд хэдэн адуугаа тавьдаг. Дүү нараа бараадаад хоббигоороо морьдынхоо  уяа сойлгыг тааруулаад л явж байна. Дүү нартаа их баярлаж явдаг. Нэг уяаны морьд айраг түрүү авч алдар цолоо дуудуулахыг харах шиг сайхан зүйл хаа байхав дээ.

-Та 40 гаруй жил урлагт, тэр дундаа Үндэсний язгуур урлагаа гадаад дотоодын олон үзэгч, сонсогчидод  сурталчлаад төр засгаас ямар шагнал авсан бэ?

-Уран бүтээлч хүнд хамгийн том шагнал бол ард түмний нижигнэсэн алга ташилт байдаг. Аадар бороо шиг  шаагисан алга ташилт урлагийн хүнийг огшоодог гэж нэг нэртэй уран бүтээлчийн хэлсэн үг үнэн санагддаг. Энэ хугацаанд би олон сайхан шагнал урамшуулал хүртсэн дээ. Бидний үед “Соёлын тэргүүний ажилтан”  цол тэмдэг гавьяатын дайтай л өндөр шалгууртай байлаа. Төр, засаг маань намайг 2000 онд Алтан гадас, 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан. Цаашид багшилж байгаа болохоор ирдээдүйн урлагийн сайн мэргэжилтнүүд бэлдэхэд л анхаарч хичээж ажиллаж байна. Урлаг спорт бол олон улсын тавцанд тухайн улсынхаа нүүр царай болдог болохоор шилдэг уран бүтээлч төрүүлэх гэж л зүтгэж явна.

Н.УДВАЛ

Д.ОЮУН

Exit mobile version