Дэлхий

Науру улс Тайваньтай байгуулсан дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй түншиллээ

Нийтэлсэн

Дэлхийд ердөө 12 улс Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон байдаг.

Тэдний нэг болох Номхон далайн бяцхан арал улс Науру өчигдөр Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, оронд нь эх газрын Хятадтай түншилж байгааг зарлажээ.

Науру улсын энэ шийдвэр өнгөрсөн Бямба гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой байж болзошгүйг Тайванийн тал өчигдөр мэдэгдсэн байна.

Энэ сонгуулиар эх газартай нэгдэхийг эсэргүүцдэг, тусгаар тогтнолыг дэмжигч намын нэр дэвшигч ялалт байгуулсан юм.

“Хятад улс манай ардчилсан сонгуулийн үр дүнд ийм байдлаар эсэргүүцэл үзүүлж байна” гэж Тайванийн албаны эх сурвалж Науру улсын шийдвэрийг дүгнэжээ.

Бээжингийн эрх баригчид санхүүгийн тусламж дэмжлэгээр Науругийн засгийн газрыг өөртөө урвуулсан гэж үзэж байгаагаа Тайванийн гадаад хэргийн дэд сайд Тен Чун Кван мэдэгдсэн байна.

“Хятад улс ийм аргаар Тайванийг дарамтлахыг зорьж буй нь буруу юм. Дэлхий дахин Тайванийн ардчиллын хөгжил дэвшлийг харж байгаа. Хэрвээ Бээжин ийм аргаар Тайванийн дипломат харилцааг булаах оролдлогоо үргэлжлүүлсээр байвал ардчилсан улс орнууд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.

Тайвань арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг БНХАУ-ын тал Науру улсын шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлжээ.

“Науру улсын засгийн газрын Хятадтай дипломат харилцаагаа сэргээх шийдвэр нь Нэг Хятад зарчим хүмүүсийн хүсэл сонирхол, цаг үеийн хандлага болсныг батлан харуулж байна” гэж Хятадын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Науру улсын хувьд энэ нь Тайвань, Хятадын хооронд дипломат харилцаагаа шилжүүлсэн анхны тохиолдол биш юм.

2002 онд тус улс бас ийм шийдвэр гаргаж байсан ч 2005 онд буцааж байв.

Гэхдээ Науругийн эрх баригчид ийм шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал байсан гэж судлаачид үзэж байна.

“Хятад улс ялангуяа хөгжиж буй жижиг улс орнууд бүхий Номхон далайн бүс нутагт Тайванийн нөлөөг бууруулахыг үргэлж санаархсаар ирсэн. Тайвань өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд дипломат харилцаатай улс бүр маш чухал юм. Хятадын тал эдгээр түншүүдийг аль болох цөөрүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой” гэж Австралийн Лови хүрээлэнгийн Номхон Далайн Арлуудын Хөтөлбөрийн судлаач Михай Сора ярьжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version