Дэлхий

Украины арми Оросын тагнуулын болон командын нисэх онгоцнуудыг устгажээ

Нийтэлсэн

Украины арми Даваа гарагт Азовын тэнгисийн бүсэд Оросын тагнуулын Бериев А-50, команд удирдлагын Илюшин Ил-22 нисэх онгоцнуудыг устгаснаа мэдээлжээ.

Ингэснээр Оросын агаарын довтолгоонд саад учрах магадлалтай гэж үзэж байна.

Украины тал онгоцнуудыг хэрхэн устгасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Азовын тэнгис нь Киевийн хяналтад байгаа газраас 100 орчим километр зайтай оршдог.

Онгоцнуудыг устгаснаа Украины армийн командлагч Валерий Залужный эхлээд зарласан юм. Дараа нь Оросын цэрэг армийн сэдвээр бичдэг блогчид Ил-22 онгоцны суманд сийчигдсэн сүүл хэсгийн зургийг нийтэлж эхэлжээ.

А-50 бол Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхөн анх ашиглалтад орсон тагнуулын онгоц бөгөөд хэдэн зуун километр талбайд дайсны нисэх онгоц, тэнгисийн хөлөг, пуужинг урьдчилан илрүүлэх чадалтай юм.

Оросын тал ийм онгоцыг Украинд агаарын цохилт зохион байгуулахад өргөн ашигладаг тухай тус улсын өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Гуменюк өчигдөр тайлбарлажээ.

“Бид А-50 онгоцонд өгсөн цохилт дайсанд нэлээд саад учруулна гэж тооцоолж байна. Наад зах нь хүчтэй пуужингийн цохилтыг хойшлуулах магадлалтай” гэж тэр хэлсэн байна.

Оросын зарим блогчид A-50 онгоц устгагдсан нь үнэн бол Оросын армийн хувьд асар том хохирол болохыг бичжээ.

Учир нь ийм нисэх онгоц Оросын зэвсэгт хүчинд цөөн тоотой байдаг юм байна.

“Оросын агаарын зэвсэгт хүчинд хар өдөр тохиож байна. А-50 бол тийм олон байдаг онгоц биш. Энэ онгоцыг ажиллуулдаг мэргэжилтнүүд ч ховор. Онгоц цохилтод өртсөн бол нисэх багийн бүрэлдэхүүн амьд гарах боломжгүй” гэж 1.2 сая дагагчтай Рыбарь блогт мэдээлжээ.

Украины батлан хамгаалах яам А-50 онгоцны үнийг $330 сая гэж мэдээлсэн байна.

Лондонд төвтэй IISS бодлогын хүрээлэнгийн 2021 оны тайланд Орос улс нийтдээ есөн ширхэг А-50 нисэх онгоцтой гэж мэдээлжээ.

Эдгээрийн дөрөв нь шинэчлэн сайжруулсан А- 50U загвар гэсэн байна. A-50U загварын нисэх онгоц Украины дайнд оролцож байгааг ОХУ-ын батлан хамгаалах яам өнгөрсөн оны эхээр мэдээлж байжээ.

Уг онгоц нэгэн зэрэг 300 гаруй объектыг илрүүлэх чадвартай гэдэг. Тухайлбал харвасан пуужинг 800 км зайнаас, хуурай газар болон усан дээрх байг 300 км зайнаас илрүүлдэг байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version