Улс төр
Гадаад харилцааг “солонгоруулсан” гурван жил
Монгол Улсын Засгийн газрын нас богиносож, ямар ч танхим бүрдсэн эмзэг хэврэг болсон бараан түүхэнд баяртай гэж хэлэх цаг ирснийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар харууллаа. Засаг огцордог, огцруулдаг улстөржилтийн донсолгоог дагаад улс орны тогтвортой байдал, эдийн засгийн дархлаа, иргэдийн аж амьдрал савлаж дэнсэлж ирсэн. Тэгвэл засгийн насыг уртасгаж, тогтворжуулсанд түүний танхимын гурван жилийн ойд алга таших учиртай. Үүнийг хэвлэлүүд олон өнцгөөс харж дүгнэж байна. Бид өнгөрч буй гурван жилийн гадаад харилцаа болоод Монголын Засгийн газрын бодлогыг товч дүгнэхийг зорилоо.
Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнийн эрх барьсан үе, түүний БНХАУ, БНСУ, Сингапур, ХБНГУ, АНУ-д хийсэн айлчлал, түүнчлэн БНХАУ, ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч, Ромын папын манай улсад хийсэн айлчлал зэргийг авч үзвэл гадаад харилцааг “солонгоруулсан” он жилүүд байв.
Цар тахал, эдийн засгийн хямрал, геополитикийн өөрчлөлт, дайн сөргөлдөөн нүүрлэсэн хүнд үед монголчууд гадаад харилцаа, гадаад бодлогын тэнцэврт байдлын ач холбогдлыг ойлгохын дээдээр ойлгож, дотоодын хүчин чадлаа бэхжүүлэх нь ямар чухал болохыг мэдэрлээ. Харилцаа, бодлого хоёр хөтлөлцөж хөгждөг, хамтын ажиллагаар бэхжиж байдгийг ч харлаа.
2021 он
Засгийн газар ковид, эдийн засийн хямралтай шууд нүүр тулсан үе. Тавдугаар сарын 1-нд ковидын вакцин тасарсан тул БНХАУ, ОХУ, Энэтхэгийн талтай дипломат яриа хэлэлцээ хийсэн. Долоодугаар сарын 23-25-нд Ерөнхий сайд Япон Улсад айлчилж, Токиогийн олимпт оролцсон.
Энэ үеэр стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм.
2022 он
Хоёрдугаар сарын 4-6-нд Ерөнхий сайд “Бээжин-2022” өвлийн олимпт оролцож, БНХАУ-д айлчилсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохирсон. Монголын талд нүүрсний хулгай байгаа гэх мэдээллийг Хятадын талаас авч ирж, нүүрсний хулгайг шалгах ажлыг эхлүүлсэн.
Талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр санал солилцсон. Энэ үеэр Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцсон бол “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг Оросын талтай хамтран урагшлуулахаар тохирсон.
Дөрөвдүгээр сарын 28-нд Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяаши манай улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” ОУНБ цаашдаа тогтвортой ажиллахад Япон улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Японы хувийн хэвшлүүд хөрөнгө оруулахад хамтран ажиллахаар болсон. 2025 онд Япон Улсын Осака хотноо дэлхийн томоохон экспо болох бөгөөд үүнд Гадаад харилцааны сайд албан ёсоор оролцохоо илэрхийлсэн.
Долоодугаар сарын 5-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, наймдугаар сарын 9-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, наймдугаар сарын 10-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус айлчилж “Монгол Улс энхтайвны баянбүрд” гэсэн мессэжийг дэлхий нийтэд өгсөн.
Есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ үеэр ОХУ-аас 220 кВт-ын өндөр хүчдэлийн шугамынхаа дээд хүчин чадалд тулгаж эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах яриа хэлэлцээрт хүрсэн.
Аравдугаар сарын 12-15-нд Ерөнхий сайд ХБНГУ-д айлчилж, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд, газрын ховор элементийг хагас боловсруулж Герман руу экспортлох, мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн “Тавантолгой” цахилгаан станцын төсөл болон цахилгаан машин үйлдвэрлэхэд нэн чухал эд анги болох газрын ховор элементийг хагас боловсруулан экспорт хийх асуудлыг ярилцав.
2023 он
Ураны ордын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улс, Францын Төрийн тэргүүний албан ёсны айлчлалын үеэр тод яригдаж, хэлэлцээрийн протоколд туссан. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээр хийгдсэн.
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагийн турш ажиллуулж байхаар тохирсон нь манай улсын импорт, экспорт, аялал жуулчлалын салбарт томоохон ахиц гарах алхам болсон. Энэ үеэр үндсэн найман асуудал хэлэлцсэн бол сүүлд авсан мэдээллээр манай талаас тавих 9 дэх санал нь Хятадын талд Монгол Улсын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний өмнөд хөрш рүү чиглэх экспорт дээр Хятадын импортын татварыг 98 хувиар тэглэх саналыг тавьсан. Наймдугаар сард Ромын пап Францист бараалхаж, есдүгээр сард ОХУ-ын Төрийн думын дарга В.Володинд мөн бараалхаж, Монгол Улсыг түлш шатахууны түр хязгаарлалтаас чөлөөлөх хүсэлт тавьсан байдаг.
Киргиз Улсад хийсэн ажлын айлчлалаар ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсон бол аравдугаар сард ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, Хятадын Ерөнхий сайд Ли Чян-тай уулзсан. Арваннэгдүгээр сард Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр УБТЗ-д хамтын ажиллагааг өргөжжүүлэх, бэхжүүлэх, худалдааны тэнцвэрийг барих гээд олон асуудал хэлэлцсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа тэлэх, гадаад харилцааг солонгоруулан олон тулгуурт бодлого, хамтын ажиллагаа хэрэгжүүлэхэд Засгийн газар гурван жилд багтамгүй ажлыг амжуулжээ.