CGTN мэдээ
БНХАУ-ын эдийн засаг 2023 онд зорилтот түвшнээс давж өслөө
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрөгч 2023 онд 5.2 хувиар өслөө гэж тус улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ) лхагва гарагт буюу өнөөдөр мэдэгдэв.
Дэлхийд эдийн засгаараа эхнээсээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг тус улс эдийн засгаа 2023 онд 5 орчим хувиар өсгөнө гэсэн зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтдоо хүрч чадлаа.
Цар тахлын нөлөөгөөр 2022 онд 3 хувь болж саарч байсан тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд ийнхүү зорилтот түвшнээс давж, 126.06 их наяд юань буюу 17.71 их наяд ам.долларт хүрч дээд амжилт үзүүллээ.
Мөн 2023 оны дөрөвдүгээр улиралд ч Хятад улсын эдийн засаг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.2 хувиар өсжээ.
БНХАУ-ын ҮСХ-ны тэргүүн Кан И-гийн мэдэгдсэнээр, тус улс хүндрэл бэрхшээл, гадаад дарамт, тодорхойгүй байдлаас үл хамааран өнгөрсөн онд дэвшүүлсэн хөгжлийн томоохон зорилтуудаа бүгдийг нь биелүүлж чадсан байна.
Үр тарианы гарц түүхэн дээд хэмжээнд хүрч, аж үйлдвэрлэл тогтвортой сэргэж, үйлчилгээний салбар хурдацтай өсөж, зах зээлийн борлуулалт хурдан сэргэж, экспорт болон импорт ерөнхийдөө тогтвортой байж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайжирч, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжсон зэрэг нь тус улсын эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр үзүүлсэн аж.
БНХАУ өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг чухалчилж байгаа. ДНБ-ий 5.2 хувийн өсөлт гэдэг нь хөгжингүй улс орнуудын дунд ч хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болж байна.
ҮСХ-ны тэргүүн Кан И-гийн хэлснээр, эдийн засгийн сэргэлт, өсөлтөө улам бүр урагшлуулахын тулд БНХАУ энэ онд илүү их сорилт бэрхшээлийг даван туулах шаардлагатай болж байгаа юм.
БНХАУ-ын эдийн засаг 2024 онд олон сорилт бэрхшээлтэй нүүр тулах төлөвтэй байгаа хэдий ч ерөнхийдөө тогтвортой, өөдрөг байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Тус улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилт нь өнгөрсөн оныхоос багагүй байна гэж ажиглагчид мөн таамаглаж байна.
Г.Солонго