Улс төр

Т.ТӨРМӨНХ: Манай улс ирээдүйгээ экспортолсоор байх уу

Нийтэлсэн

Т.Төрмөнх хэмээх шоволзсон бор залууг таньдаг болсоор арав гаруй жилийн нүүр үзжээ. Мань хүн өчигдөр намайг сурсаар редакцид орж ирэв. БНСУ-д нийгэм судлалын чиглэлээр магистрт сурч буй гэнэ. Төрмөнхийн намтар тэрүүхэндээ “хөөрхөн” түүхтэй. Дүүргийн ИХ-д сонгогдон дөрвөн жил СХД-ийг хөндлөн гулд “давхисан”, иргэд сонгогчидтойгоо ойр байхыг хичээж, тэр хэрээр хатуу хөтүү амьдрал гэж юуг хэлэх, тэдэнд төрийн ямар бодлого хэрэгтэйг мань хүн хамгийн сайн мэддэг учраас үүнийгээ түшиглэн нийгэм судлалыг сонгосон байж ч мэднэ. Ингээд түүнтэй хол ойрын сонин сайхныг хуваалцан ярилцлаа.

…Хүн гэдэг оршихуйн хамгийн том зүйл нь сүсэг бишрэл байгаад байгаа юм. Тухайн хүн юунд итгэж байгаагаас шалтгаалаад тэр хүний амьдралынх нь үр жимс, үр нөлөө холбоотой гэж харж байна. Энэ байдал солонгосын хөгжилд их нөлөөлж байна гэж ярьсан, би өөрөө солонгост сурч байгаа болохоор тэр орноос олж харсан зүйлээ яриад байна л даа…

 

-Манай хоёр улсад харьцуулашгүй зүйл олон. Газар нутаг, байгалийн баялаг, хөгжил гээд л.

-Аль нэг улсын хөгжлийн талаар онцолж ярихад хүрвэл тухайн орныг шүтэн биширлээ гэх нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах нь бий. Гэвч хөгжлийн тухайд нүдэнд харагдаж буй үр дүнгээрээ хэмжигддэг. Таны хэлдгээр газар нутаг, байгалийн баялаг, мал сүрэг гээд энэ талаас харьцуулах боломжгүй орон бол БНСУ юм.

Манай хоёр улсын хөгжлийн индексийг харьцуулах аваас тэнгэр, газар шиг ялгаатай. Үүнийг захын хүн хэлнэ. Энэ улсын хөгжлийн нууц нь маш энгийн. Ердөө иргэдийнх нь эх орноо гэсэн итгэл үнэмшил. Өнөөдөр тэнд албан ёсны бүртгэлтэй 60 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч буй.

Үүнээс харахад манай хүн ам цөөтэй аймагтай тэнцэхүйц монголчууд аж төрж байна шүү дээ. Тоглоом шоглоом болгоход Монголын 22 дахь аймаг солонгост буй гэж хэлж болохоор байна. Энэ аймаг руу хөврөх монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж, тэнд хэдэн зуун залуус гэр бүл болж, тоонотоо дугуйлж байна даа.

Олсон орлого нь амьдрал ахуйд нь элбэг хүрч байгаа болохоор ирэх сонирхол байхгүй байж ч мэднэ.

 

-Хөдөлмөр эрхлэлтийн талаар яривал?

-Хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ сурдаг, сурахын хамт бизнес эрхэлж байгаа олон хүн бий. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй гэж хэлж болохоор нэг зүйл бол тэнд байгаа манай иргэдийн 80 орчим хувь нь 19-30 насны залуучууд байна. Энэ бол Монголын эмгэнэл.

Ирээдүй хойч үеэ гадагшаа экспортлосоор байх уу. Үнэн хэрэгтээ амьдрал хөөн солонгосыг зорих иргэд хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ид насны шижигнэсэн залуучууд байгааг хараад харамсах сэтгэл төрдөг.

Бусад орны хөдөлмөр эрхлэгчидтэй харьцуулахад монгол хүний ажилдаа хандах хандлага, ажлыг хатуу хөтүү гэж голохгүй хийж байгаа байдал, эв дүй, сэтгэх чадвар шал өөр. Вьетнамаас ирсэн арван хүний ажлыг манай нэг л залуу хийдэг, таван солонгос бараагүй ажлыг нэг монгол залуу зүдрэлгүй ард нь гардаг хэмээх нь бий. Нөгөөтэйгүүр, ажлын бүтээмж өндөр, цалин хөлс их авч байгаа ч нэг сонин гажуудсан үзэгдэл бий болсон гэж хэлэх гээд байна.

Монгол хүний ген гэж хэлэхгүй. Тэр нь, ажлын чадвараараа үнэлэгдсэн нөгөө хүний маань сэтгэхүй “Би байхгүй бол энэ компани дампуурна” гэж боддог. Ийм хандлага бий болсоор удаж буй. Оюун санаа, сэтгэлгээний гажуудал л монгол хүнийг баллаж орхих юм. Солонгост олон орны иргэд ажиллаж, амьдарч буй. Тэднээр дамжуулан дэлхий солонгосын ард түмнийг сонирхох болсон. Надтай хамт сурч байгаа хөгжингүй орны залуу солонгос кино үзэхийн тулд хэлийг нь сурч байна гэх жишээний. Хүмүүсийг бүр ийм байдалд ортол дэлхийд өөрсдийгөө сурталчилж чадаж байна шүү дээ.

 

-Та суралцагсдын тухайд юу хэлэх вэ?

-Миний хувьд Сөүлийн их сургуульд хэлний боловсрол эзэмшсэн. Сургууль маань улсдаа нэг номерын сургууль. Солонгосчууд манай сургуульд элсэн суралцахыг мөрөөддөг, орж чадаагүй нь амиа хорлосон хэд хэдэн тохиолдол гарсан тийм нэр хүндтэй сургууль юм. Багш маань “Би монгол хүнийг нэг сайн ойлгохгүй байна. Манай хэлийг хятад, япон, монголчууд маш сайн эзэмшдэг. Тэр дундаа монголчууд илүү. Гэхдээ нэг асуудал бий. Монгол оюутан хэзээ ч цаг тухайд нь юмаа хийдэггүй. Мөн маш их хичээл тасалдаг, хэнэггүй ” хэмээсэн. Эндээс бидний амьдрал, улсын хөгжлийн ялгаа гарч ирж байгаа биз. Монголын залуучууд сурахынхаа хажуугаар ажил хийж, сургалтын төлбөрөө олоод зогсохгүй эцэг эхдээ илүүчилдэг. Энэ бол бидний туулж байгаа амьдрал. Гэтэл солонгос багш юу гэж ойлгож байна гэхээр “монгол соёл, монголчууд үр хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг ” гэж ойлгодог хэрэг. Энд дүгнэж хэлэхэд, монгол хүний хөдөлмөрийн чадвар, бүтээмж, сэтгэлгээ бусдаас дор орсон зүйл байхгүй харин сэтгэлгээний, сэтгэлзүйн ядууралд хэдийнэ нэрвэгдсэн гэдгийг бодох цаг болжээ. Өөрөөр хэлбэл, нэг нь зүрхэндээ, нөгөө нь тархиндаа. Ийм хоёр ядуурал газар авсан учраас аливаа шийдвэрүүд нь буруу байгаад байна.

-Монгол хүн эх орондоо өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаггүй хэрнээ солонгост гайхагдаад байгаа нь хувь хүнээс болж байна уу эсвэл нийгмээс үү?

-Зөвхөн хувь хүнээсээ биш юм. Ардчилсан нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд эрх чөлөө гэдгийг мэдэрсэн. Эрх чөлөөтэй байх, эрх чөлөөтэйгөөр сонголт хийх нь ямар их аз жаргалыг дагуулдгийг бүрэн мэдэрсэн ард түмэн. Харин одоо биднийг ядрааж байгаа нэг зүйл нь хоосон байдал. Магадгүй, иргэд материаллаг болон оюун санааны хувьд, сэтгэл зүрх, сэтгэл зүйн хувьд ч хоосорсон. Төр, засаг материаллаг зүйл рүүгээ, тухайлбал, хүн сайхан амьдрахын тулд хөрөнгөтэй, өмч хөрөнгөтэй байх ёстой гэсэн үзэл сурталд автуулсан. Ардын нам нь ч тэр, Ардчилсан нам нь ч ялгаагүй. Яг үнэндээ манай төр хамгийн доод түвшиндээ хүртэл ялзарсан шүү дээ. Ер нь хүн зөвхөн материаллаг зүйлийг дээдлэхийн хэрээр оюун санаа, сэтгэлгээний хоосролд автдаг. Бодит үнэнийг хүлээж авч чадахаа больж, үнэт зүйлээ алддаг. Уул нь материаллаг зүйлсээс илүүтэй үнэт капитал бол хүн өөрөө юм. Хүн нь өөрийгөө таниж мэдэхээ больсон учраас төр буруутай ч юм шиг, иргэд нь ч буруутай юм шиг, бизнесменүүд нь буруутай ч юм шиг, ийм ойлгомжгүй үзэгдэл Монголд бий болоод байна гэж боддог.

Төр, засаг материаллаг зүйл рүүгээ, тухайлбал, хүн сайхан амьдрахын тулд хөрөнгөтэй, өмч хөрөнгөтэй байх ёстой гэсэн үзэл сурталд автуулсан. Ардын нам нь ч тэр, Ардчилсан нам нь ч ялгаагүй.

-“Гэгээн төр минь” гээд төрөө хүндлэх ёс алга, иргэдэд нь улс эх орноо хөгжүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил алга. Тэгвэл энэ итгэл үнэмшлээ олж авах, сурсан мэдсэнээ эх орондоо зориулах тийм итгэл үнэмшилтэй болгох ямар арга байна вэ?

-Ер нь хүний итгэл үнэмшил бол алсын хараа, ирээдүйг харах тухай юм. “Удирдагч хүний харж байгаа зүйл миний сэтгэлийг хөдөлгөнө өө” гэсэн нэг дэлхийн удирдагчийн хэлсэн үг байдаг юм. Өөрөөр хэлбэл, тэнд харж байгаа зураглал надад итгэл найдвар өгч байгаа гэсэн үг юм. Хүн хоёр зүйл дээр л нэгддэг, нэг нь алсын хараа зорилго буюу ирээдүйг харах найдвар, нөгөө нь эрх ашиг. Өнөөдөр манай улсад эрх ашгийн бөөгнөрөл бий болсон, энэ бол дэлхий нийтэд ч байдаг, нийтийн жишиг л дээ. Манайд бий болоод байгаа эрх ашгийн бөөгнөрөл Монголын нийгмийг харлуулж, ядууруулж, оюун санааны хямрал руу оруулж байна. Жишээлбэл, ЕБС-ийн хүүхдүүд үзэл бодлоороо бөөгнөрч, арай хүчтэй нь хүчгүйгээ дийлэх гэх мэт. Энд мэдээж янз бүрийн эрх ашгийн зүйл яригдахгүй, гэхдээ үзэл бодлын бөөгнөрөл бий болсныг гэрчилж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй бөөгнөрөл бий болно. Тэр байтугай бүлэглэл, хонгил бий болсон, энэ нь дандаа эрх ашгаас үүдэлтэй. Хараа зорилго буюу ирээдүйдээ итгэх итгэл нийгмээрээ тэр дундаа итгэлгүй болсон, итгэл найдвар нь унтарсан, гутранги байдал нийтээрээ бий болсон байна. Хараа зорилго хүмүүсийг нэгтгэж өгдөг, түүний төлөө тууштай явж, гуйвахгүйгээр тэр харсан зүйл рүүгээ нэг чигтээ явж чадах тэр систем рүү л орох хэрэгтэй.

-Улс төрийн намууд хоорондоо их дайсагналцдаг нь хөгжлийн чөдөр тушаа болж буй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Харж байгаа нь зөв. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар хоёр жилээр хэмжигддэг. Тэгэхээр яаж ч бодсон 1.6-2 жилээр бодлогоо тодорхойлдог улс яаж хөгжих юм, яаж хүнээ хөгжүүлэх юм, яаж сайхан амьдрах юм бэ. Мэдээж дайсагнал бол хортой, судлаачид олон талаас нь хэлж, ярих байх. Миний хувьд сэтгэл зүрхэнд маань цохилж явдаг зүйл минь юу юэ гэхээр аливаа зүйл эхнээсээ л зөв байх ёстой, үндэс суурь нь зөв байх ёстой гэж үздэг. Үндэс суурь нь буруу байгаагийн гол жишээ бол дайсагнал юм. Дэлхий ертөнц энхтайвны тухай ярьж байхад монгол хүн монгол хүнийхээ эсрэг дайсагнал бий болж байна гэдэг чинь нөгөө үндэс нь буруу байгаа юм. Хамгийн тод жишээ бол сайн засаглал бий болгоно, шударга байна, авлигатай тэмцэнэ, сангийн луйварчдыг шийтгэнэ гэж ярьж байгаа ч яг үнэндээ зүгээр л нэг шоолоод өгөөч гэсэн нэр төдий үзэгдэл болоод байна. Үнэн хэрэгтээ тэднийг шоолох нь нэг номерын асуудал биш. Харин өнөөдөр хоолтой ундтай байх, цалин өндөр байх асуудал чухал байгаа. гэтэл биднийг зүгээр л хошгируулаад байна, иргэдийн хэлдгээр. Эндээс харахад суурь, сэтгэлгээ, хараа зорилго гээд бүгд буруу байгаа нь илт харагдаж байна.

Дэлхий ертөнц энхтайвны тухай ярьж байхад монгол хүн монгол хүнийхээ эсрэг дайсагнал бий болж байна гэдэг чинь нөгөө үндэс нь буруу байгаа юм.

-Солонгосын хөгжлийн нууцын нэг нь итгэл, үнэмшил гэж та ярьж байсан. Ялангуяа шашны итгэл үнэмшил хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн их нөлөөлжээ гэсэн. Энэ тухай бага зэрэг тодруулаач?

-Ганц солонгос гэлтгүй дэлхийн хөгжлийг аваад үзэхэд аливаа улс орон нийгмийнхээ сэтгэл зүй тэр дундаа нийгмийн эмх замбараагүй байдлаа итгэл үнэмшил буюу сэтгэл санааны хандлагаар нь барьж байдаг. Мэдээж боловсрол, хүмүүнлэг гээд ярих зүйлүүд их байгаа ч хамгийн том байр эзэлж байгаа зүйл бол сүсэг бишрэл. Хүн гэдэг оршихуйн хамгийн том зүйл нь сүсэг бишрэл байгаад байгаа юм. Тухайн хүн юунд итгэж байгаагаас шалтгаалаад тэр хүний амьдралынх нь үр жимс, үр нөлөө холбоотой гэж харж байна. Энэ байдал солонгосын хөгжилд их нөлөөлж байна гэж ярьсан, би өөрөө солонгост сурч байгаа болохоор тэр орноос олж харсан зүйлээ яриад байна л даа. Дэлхийн улс орнуудад үүн рүү чиглүүлж байгаа хүмүүсийг оюун санааны чиглүүлэгч, удирдагч гэж нэрлэдэг. Оюун санааны чиглүүлэгчид олон байгаа учраас хүний ухамсар, итгэл үнэмшлээр дамжуулан нийгэм, улс орны хөгжилд асар их нөлөө үзүүлдэг. Тиймээс хүн юунд итгэж байна гэдэг нь их чухал. Өнөөдөр манай Монголд итгэл, үнэмшил гэдэг зүйл байхгүй болсон. Өөртөө, өрөөлд, Буддад, бөөд, Чингис хаанд, Христэд итгээд байгаа юм уу мэдэхгүй, ойлгогдохгүй, их ээдрээтэй асуудал болсон. Гэхдээ энэ бүхнээс харахад өнөөдөр Монголын хар бор амьдралд Монголд байгаа Христийн итгэл арай том үүрэг нөлөө, дэм үзүүлдэг юм болов уу гэж би хувьдаа боддог. 30 жилийн өмнө л ардчилсан хувьсгалтай хамт орж ирсэн. Монгол Улс 1990 оны хувьсгалын үр дүнд гайхалтай эрхчөлөөг бий болгосноор нийгмийн золиос болсон хүмүүст христийн сүм хийдүүд итгэл үнэмшлийг, өөр амьдралыг өгснөөр өнөөдөр жинхэнэ сайхан амьдарч байгаа иргэд их байна. Христийн сүм чуулганууд төрд болон нийгэмд гай болсон зүйл алга. Монголын нийгэмд харьцангуй үр шимээ өгсөөр байгаа. Гэсэн ч бид нийгмийн бүхэл бүтэн бүлэг бий болчихсон байхад харийн шашин гэж гадуурхсаар л байна.

Бид ургашаа түүхээ харвал эрт дээр үеэс XIII зуунд овог аймгаараа Христ итгэдэгэлт соёл байгаа юм. Бүр тодруулвал Монгол хаадын хатад нь Христитгэлт байсан. Солонгос улсын хувьд төр засаг нийгэмлээ хамгийн бодит өөрчлөлт шаардлага нөлөөг Христитгэгчид Христийн сүм чуулганууд хүргэж байсан юм билээ. Тиймээс энэ орны өнөөдрийн хөгжил, дэвшилд асар том нөлөө, итгэл найдвар нь Христитгэх сүсэг бишрэл байсан гэж үздэг юм билээ.

Exit mobile version