Улс төр

МАХН-ынхан хаана явна-I

Нийтэлсэн

Цагтаа улс төрийн гуравдагч хүчин гэгдэж явсан МАХН татан буугдаж, Н.Энхбаяр тамга тэмдгээ хураалгаад дөрвөн жил болжээ. Монгол Улсын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр МАН-ын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтэй гар барьж, хөшигний ард улс төрийн тохироо хийж байв.

Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын намаа нэгтгэж, гар барьсны цаад тохироо 2026 он хүртэл үргэлжилнэ ч гэж ярьдаг. Тэгвэл МАХН-аас угшилтай нөхөд хаана явна вэ. Н.Энхбаяр болон түүнийг дагаж, бурхан мэт шүтэж явсан улстөрчид одоо хаана, юу хийж яваа нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхсөн энэ цагт тун ч сонирхолтой сэдэв байж таарна.

 

ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨГЧ Н.ЭНХБАЯР

 

Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, нэгэн цагт “хаан” мэт аяглаж явсан Н.Энхбаяр МАХН-аа татан буулгаж, МАН-д дагаар орж, модон тамганаасаа салснаас хойш олны анхааралд өртөлгүй, нам гүмхэн яваа гэхэд болно. Тэр сайд болсонгүй, болно ч гэж зүтгэсэнгүй.

Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ мань эр улс төрөөс бүр яваагүй юм. Хөшигний ард “жүжиг дэглэж “, улс төрийн үйл явцад гар бие оролцож сууна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн намаа зольж эрх баригч намын хаяаг түшсэн Н.Энхбаяр МАН-ынхнаас ярьж тохиролцсон “өр”-өө нэхэж, тэд ч төлж эхэлсэн гэхэд болно.

Эрх баригч намынхан хүү Э.Батшугарыг нь УИХ-ын гишүүн болгохоос эхлүүлээд шадар зөвлөх нь байсан Б.Тулгыг нь хүртэл Боомт хариуцсан сайдаар томилсон билээ. Олны өмнө ил харагдах нь энэ хоёр боловч МАХН-аас угшилтай Н.Энхбаярыг дагагсдын зарим нь төрийн анхан болон дунд шатанд “хурган дарга” нар болсон гэх мэдээлэл ч бий.

Харин Н.Энхбаярын хувьд МАН-аас гарч байгаа бодлого, шийдвэрт албан болон албан бусаар нөлөөлдөг гэх яриа ч байдаг. Ямар сайндаа л ирэх УИХ-ын ээлжит сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь Н.Энхбаярын санаа гэх юм билээ.

 

Н.ЭНХБАЯРТ “ХАЯГДАЖ” АН-ЫГ БАРААДСАН С.ГАНБААТАР, О.БААСАНХҮҮ НАР

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “хаан” мэт аяглаж явахад нь гэхээсээ илүүтэй улстөрчийнхөө хувьд уруудаж явахад түүнийг бараадаж, тэр хэрээр олонд танигдсан улстөрч хэд, хэд бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү юм.

Түүнийг улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийт Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж УИХ-ын гишүүн болсон ч гэж хошигнодог. Н.Энхбаярыг “ядарч” явахад нь өмгөөлөгчөөр нь ажиллаж, итгэлийг олж УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн О.Баасанхүү одоо АН-д хүчин зүтгэж байна.

Тэрбээр АН-ын уль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа билээ. Учир нь, Н.Энхбаяр О.Баасанхүүг намаасаа найман удаа хөөсөн, О.Баасанхүү МАХН-аас найман удаа хөөгдөж байж АН-ыг бараадсан байдаг. Түүнийг МАХН-аас хөөх шалтгаан нь О.Баасанхүү Н.Энхбаяраас намыг нь авах гэж зүтгэсэнтэй холбоотой юм.

 

 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэг л өдөр МАХН-ын дэд даргаар томилогдож, Н.Энхбаяртай гар барьсан шиг ээ нэг л өглөө АН-д элссэн байдаг. С.Ганбаатарын Н.Энхбаяртай муудалцах хамгийн том шалтгаан нь МАН, МАХН гэх хоёр том намын нэгдэл байлаа.

Өөрийгөө Монгол Улсын 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэж бат итгэж явсан С.Ганбаатар Н.Энхбаярт ар нуруугаараа тавиулсан юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр ганцаарчилсан улс төр хийж өөрт хамгийн ашигтай хувилбарыг МАХН-аа зольж байж сонгосон гэхэд болно.

Ямартай ч С.Ганбаатар ч тэр, О.Баасанхүү ч тэр Н.Энхбаярт “хаягдсан” нь үнэн. Тэд Н.Энхбаярт хаягдсаныхаа дараа хоёулаа АН-ыг сонгосон нь ч үнэн. Тэд одоо ч АН-ын бодлого, үйл ажиллагаанд дусал нэмж, өөр өөрсдийнхөө улс төрийг хийж явна.

 

Н.ЭНХБАЯРЫН “ТАВИУЛ” САЙД Б.ТУЛГА

 

Эрх баригч намын бөөрөнд очиж наалдсан Н.Энхбаярт үнэнч байсныхаа төлөө “Албан тушаалын бялуу”-наас том хувь хүртэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллаж байгаа МАХН-аас угшилтай ганц хүн бол Б.Тулга сайд юм.

Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар томилсон байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-аас угшилтай Б.Тулгыг сайдаар томилж, Засгийн газартаа урьж ажиллуулж байгаа явдал нь дөрвөн жилийн өмнө МАН, МАХН гэх хоёр нам нэгдэхэд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёрын ярьж тохирсон зүйл одоо ч үргэлжилж байгааг гэрчилнэ.

 

ХЭРЭГ НЬ ХУУЧРААГҮЙ ДАХИН ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН З.БАЯНСЭЛЭНГЭ

Н.Энхбаяр гэхээсээ илүү Б.Энхбаярыг үхэн хатан хамгаалж, өмөөрч ирсэн түүний “Утсан хүүхэлдэй”-нүүдийн нэг бол З.Баянсэлэнгэ. Мал дагасан хүн ам тосдоно гэгчээр Н.Энхбаярыг тойрч эргэлдсэнийхээ буяныг хангалттай эдэлж яваа нэгэн. Төрийн эрхийг АН-ынхан барьж байхад УИХ-ын гишүүн, хамтарсан Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар хүртэл ажиллаж байлаа. Одоо олон жил дагасан Н.Энхбаяр даргынхаа “гавьяа”-аар нийслэлийн МАН-д ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр парламентад жагсаалтаар орж ирэх магадлал тун өндөр, бүр МАН-ын жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа сурагтай. Гэвч Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад 14.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагын хаалгыг татаж, өнгөрсөн хугацаанд тэрхүү хэрэг нь цагаадсан ч өнгөрсөн долоо хоногт хэргийг нь дахин сэргээж анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долоодугаар сарын 21-нд давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 хүний материалыг “Түрээсийн орон сууцын корпорац” ТӨҮГ-т хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт холбогдоод байгаа билээ.

Үргэлжлэл бий…

Exit mobile version