Нийгэм
Н.Сугар: Осол халтиргаанаас болсон эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно
Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.
Галд өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгуусан байна.
Түүнчлэн иргэдийн зүгээс тус автомашины ослыг халтиргаа гулгаанаас үүссэн байж болзошгүй гэж таамаглаж буй. Үүнд Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах хариултыг өглөө.
Тэрээр “Халтиргаа гулгаанаас болсон эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Нийслэл халтиргаа, гулгааг арилгах ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн процесс хийгдсэн байгаа.
БЗД-ээс мэдээлэл авахад тус дүүрэг тогтмол давс, бодис цацаж байсан гэдэг мэдээллийг өгсөн. Хуулийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж, хариуцлагын асуудал яригдах байх.
Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна.
Зочид буудалд 11 өрхийн иргэд байна. Ямар ч байсан осолд хохирон иргэдийг цаашид хаана, яаж байршуулах вэ гэдгийг Нийслэлийн онцгой комисс, шуурхай штаб хэрхэн хийх талаар судалгаанууд хийж байна.” гэлээ.