Энтертайнмент

Тэрүнофүжи: Бэртэл зовиуртай байсан ч давж чадлаа

Нийтэлсэн

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ идэвхтэй барилдаж буй цор ганц ёкозүна болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирж, энэ оны эхний башёд сэкивакэ Котоновакаг нэмэлт барилдаанд давж, түрүүллээ.

14 дэх өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи болон Котоновака нар хоёулаа адил 12 даваа, хоёр унаатай байсан юм. Шийдвэрлэх 15 дахь өдөр Тэрүнофүжи Киришима Б.Лхагвасүрэнг давсан бол Котоновака Тобизарүг давжээ.

Ийнхүү хоёр бөхийн хооронд түрүүг бөхийг тодруулах нэмэлт барилдаан гарч, Тэрүнофүжи өрсөлдөгчөө дийлэв.

Киришима Б.Лхагвасүрэн угтаа энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх байсан ч 14 дэх өдөр Котоновакад, 15 дахь өдөр Тэрүнофүжид тус тус өвдөг шороодож, түрүүлэх боломжоо алдсан юм. Мөн түрүү бөхийн тоонд явсан Хошорюү С.Бямбасүрэн сүүлийн барилдаануудаа тааруу хийж, улмаар бэртэл аван сүүлийн өдөр барилдаагүй.

Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртсэн их аваргын тухайд Киришимагийн эсрэг төгс амжилттай явна. Тэрүнофүжи, Киришима хоёр нийт 11 удаа учраа таарахад бүгдэд нь Тэрүнофүжи давжээ. Тэгвэл Тэрүнофүжи 13 дахь өдөр башёг ганцаараа тэргүүлж явсан Котоновакаг давж, өөртөө болон Киришимад боломж гаргасан.

Тэрүнофүжи Котонавакагийн талаар ярихдаа “Тэр улам л хүчтэй болж байгаа санагдлаа. Барилдааны үеэр ч үүнийг нь мэдэрлээ” гэв. Хэдийгээр Котонавака эзэн хааны цомыг хүртэж чадаагүй ч озэки хүртэх эхний алхмаа тун сайн хийлээ. Тэрбээр ёкозүна асан Котозакүрагийн ач хүү бөгөөд ирэх хоёр башёд 20 даваа авахад л озэки цолны болзол хангана. Аман хүзүүдсэн 26 настай Котоновака “Цол нэмэх боломжтой болсондоо баяртай байна. Амжилтдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болж байна. Ирэх башёд засч, сайжруулах зүйл олон байна” гэжээ.

Өдгөө 32 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн жил бэртлийн улмаас хүссэн хэмжээндээ барилдаж чадаагүй. Улмаар ёкозүнагийн зөвлөлөөс түүнийг Хацү башёд барилдахыг шахаж, хүссэн хүсээгүй Тэрүнофүжи зодоглож, эцэст нь түрүүллээ. Түүний хоёр өвдөгний бэртэл хагалгаа хийлгэсний дараа дээрдэж байсан ч бэлтгэлийн үеэр нуруундаа бэртэл авч, 2023 оны сүүлийн гурван башёд бүтэн барилдах боломжгүй болсон билээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Бэртэл зовиуртай байсан ч би үүнийг давж чадлаа. Залуу бөхчүүд улам л хүчтэй болж байна. Тэдний араас нэхэж, өрсөлдөх нэг бодлын сайхан байна” гэв.

Өнгөрөгч башёд Оносато сайн барилдаж, 11 даваа авч чаджээ. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр найман даваатай явсан Тамаваши Б.Мөнх-Оргилыг давсан аж. Өдгөө дөнгөж 23 настай тэрбээр ярихдаа “Хоёр оронтой даваа авсандаа туйлын баяртай байна. Ийм зүйл болно гэж бодсонгүй. Үнэхээр сайхан туршлага боллоо” гэжээ.

Exit mobile version