Нийгэм

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Вьетнам улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тодотгоод, энэхүү түүхэн цаг хугацаанд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж ирсэн, уламжлалт найрсаг харилцаатай орнууд болохыг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, хоёр улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаанд болон прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж байгаа Элчин сайдад талархал илэрхийллээ.

Элчин сайд Зоан Хань Дам хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхий прокурорын зүгээс Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөллийг тус улсад айлчлах урилга ирүүлснийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд уламжлав.

Эх сурвалж: УЕПГ

Exit mobile version