Дэлхий

АНУ-ын ерөнхийлөгч Байден олны өмнө ярихдаа Макроныг нас барсан Францын ерөнхийлөгчтэй андуурав

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гарагт Лас-Вегас хотод болсон сонгуулийн арга хэмжээнд оролцохдоо Францын одоогийн ерөнхийлөгчийг олон жилийн өмнө нас барсан өмнөх ерөнхийлөгчтэй нь андуурсан байна.

81 настай Байден 2020 оны Их Долоогийн уулзалтын үеэр болсон үйл явдлыг дурсаж ярихдаа ийнхүү будилжээ. Ингэхдээ тэр бас Макрон ямар улс орны төрийн тэргүүн болохыг хүртэл мартсан юм.

“Би сонгогдсоныхоо дараахан Их Долоогийн уулзалтад очсон. Намайг “Америк эргэж ирлээ!” гэж хэлэхэд Германы Миттеран, би Францыг хэлж байна, “Хэр удаан буцаж ирэв?” гэж асууж байлаа” гэж тэр ярьсан байна.

Франсуа Миттеран бол 1981-1995 оны хооронд Франц улсын ерөнхийлөгч байсан хүн бөгөөд 1996 онд нас барсан юм.

Өндөр настай Байден энэ мэт алдааг үе үе гаргадаг.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэр Шинэ Зеландын рэгбигийн баг “All Blacks”-ийн нэрийг Ирландын тусгаар тогтнолын дайны үеийн Британийн цэргийн хүч “Black and Tans”-ийн нэртэй сольж ярьсан юм.

Ер нь ерөнхийлөгч нарын өндөр нас, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой сэдэв сүүлийн жилүүдэд Америкчуудын анхаарлын төвд байгаа.

 

Байдены өрсөлдөгч Дональд Трамп бас ийм алдаа гаргах болсон. Одоо 77 настай тэрбээр өнгөрсөн сард өөрийн нам доторх өрсөлдөгч Никки Хэйлийн тухай ярихдаа Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоситой нэрийг нь сольсон юм.

Тухайн үед Байден өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан хошигнож байжээ. “Би Никки Хэйлитэй ганцхан асуудлаас бусад бүх асуудал дээр санал нийлдэггүй. Түүнийг Нэнси Пелоси биш гэдэгтэй л зөвхөн санал нийлдэг” гэж Байден мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version