Энтертайнмент

Валентины баярын түүх

Нийтэлсэн

Гэгээн хайрын баяр болох Валентин маргааш тохионо. Тэгвэл энэхүү дурлалт хосуудын баярыг Өмнөд Европд 13 дугаар зуунаас хойш тэмдэглэн ирсэн байна.

Манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Эзэн хааны энэ хуулийг залуу лам Валентин хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Түүнийг хүмүүст нууцаар тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ.

Харин Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Тэрээр цаазаар авахуулахынхаа өмнөхөн  хайртай бүсгүйдээ өөрийн хайр сэтгэлээ илэрхийлж, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий зурвас бичжээ.

Түүнийг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийллийн өдөр болгожээ. Сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болсон байна.

Харин манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хосууд бие биедээ бэлэглэж, дурсамж дүүрэн өнгөрүүлдэг билээ.

Exit mobile version