Дэлхий

Зөвлөлтийн үеийн хөшөөг буулгасан Эстонийн удирдагчийг ОХУ эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнээр зарлав

Нийтэлсэн

Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгах шийдвэр гаргасан Эстони улсын ерөнхий сайдыг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад нэмж байгааг ОХУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгджээ.

Тухайлбал Эстони улсын ерөнхий сайд Каяа Калласын нэр ОХУ-ын дотоод хэргийн яамнаас гаргадаг уг жагсаалтад нэмэгдсэн байна.

Жагсаалтад Балтийн тэнгис орчмын бусад орнуудын хэд хэдэн албаны хүн, хууль тогтоогчдын нэрс бас оржээ.

НАТО-гийн гишүүн Эстони, Латви, Литва улсууд сүүлийн үед Дэлхийн Хоёрдугаар дайнтай холбоотой хөшөө дурсгалуудаа буулгасан нь Зөвлөлтийн үеийн өв уламжлалаасаа салах зорилготой арга хэмжээ байв.

Украины дайн эхэлснээс хойш Чех, Польш зэрэг бусад зүүн Европын улсууд ч бас ийм арга хэмжээгээ эрчимжүүлсэн.

Оросын эрх баригчид үүнийг Германы Нацизмтай тэмцсэн Зөвлөлтийн цэргүүдийн нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл гэж үзэж байгаа.

ОХУ-ын дотоод хэргийн яам анх удаагаа гадаад улсын төрийн тэргүүнийг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад нэмсэн тохиолдол энэ болж байна.

Жагсаалтад бас Эстони улсын төрийн нарийн бичгийн дарга Таймар Питеркоп, Литвийн соёлын сайд Симонас Кайрис нарын нэр нэмэгджээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова жагсаалтад Эстонийн удирдагчийн нэр орсныг өчигдөр баталсан байна.

“Манай улсын эсрэг, түүх дурсгалын эсрэг дайсагнасан үйлдэл” гаргасныхаа төлөө тэд жагсаалтад орсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бас тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version