Дэлхий

НАТО-гийн талаар Трампын хийсэн мэдэгдлийг Байден хурцаар шүүмжлэв

Нийтэлсэн

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх сонгуульд өөртэй нь өрсөлдөх магадлалтай байгаа Дональд Трампын саяхан хийсэн НАТО-гийн талаарх мэдэгдлийг хурцаар шүүмжилжээ.

Бямба гарагт Өмнөд Каролинад болсон сонгуулийн кампанит ажилд оролцохдоо Трамп дээрх мэдэгдлээ хийсэн юм.

“Нэг томоохон улсын ерөнхийлөгч надаас ‘Хэрвээ бид өөрт ногдох зардлаа төлөөгүй тохиолдолд Оросын түрэмгийллээс танай улс биднийг хамгаалах уу?’ гэж асуухад би ‘Үгүй ээ. Чи үүргээ биелүүлээгүй бол бид хамгаалахгүй’ гэж хариулсан” гэж Трамп энэ үеэр сэтгүүлчдэд ярьсан юм.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ НАТО-гийн нэг арга хэмжээний үеэр тус байгууллагын аль нэг гишүүн улсын ерөнхийлөгчтэй ингэж ярилцсанаа дурссан байна.

Өөрөөр хэлбэл тэр НАТО-гийн зарим гишүүн улсыг өөрийн үзэмжээр Оросын түрэмгийллийн золиос болгохоос буцахгүй гэдгээ ийнхүү илэрхийлжээ.

Сүүлд Трамп энэ байр сууриа хамгаалахдаа гишүүн орнуудын хариуцлагыг дээшлүүлж, НАТО-г улам хүчирхэг байгууллага болгох зорилгоор ингэж ярьсан гэж тайлбарласан юм.

Трампын энэ мэдэгдэл АНУ-ын холбоотнуудыг нэлээд бухимдуулж, заримыг нь харамсал илэрхийлэхэд хүргэсэн.

Дональд Трамп 2016-2020 онд ерөнхийлөгчөөр ажиллахдаа НАТО-г байнга шүүмжилж, хамтын батлан хамгаалах зардлын ихэнх хэсгийг АНУ гаргаж буйг шүүмжилдэг байсан юм.

Жо Байден өчигдөр ярихдаа “Энэ бол ичгүүртэй, аюултай, Америк бус байр суурь. АНУ-ын ерөнхийлөгч асан хүн ингэж хэлж байна гэж та нар төсөөлж чадах уу? Дэлхий нийт үүнийг сонссон” гэжээ.

Тэрбээр цааш нь “Манай түүхэнд өөр ямар ч ерөнхийлөгч Оросын дарангуйлагчийн өмнө бөхийж байгаагүй. Тодорхой хэлье: Би хэзээ ч тэгэхгүй” гэж мэдэгдсэн юм.

Байден экс ерөнхийлөгчийн НАТО-д хандах хандлагыг “зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагын толгойлогчийн арга барил” гэж шүүмжилсэн байна.

“Тэр НАТО-г АНУ болон дэлхий нийтийг хамгаалж буй эвсэл гэж харахгүй байна. Тэр үүнийг мөнгө нэхэх (рекэт) сүрдүүлгийн арга хэрэгсэл гэж үзэж байна” гэж Байден шүүмжилжээ.

Өчигдөр АНУ-ын сенатын танхим Украин, Израиль, Тайвань зэрэг холбоотнуудад $95 тэрбумын зэр зэвсгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг баталсан юм. Одоо уг төсөл Конгрессын төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэгдэх юм. Сенаттай харьцуулахад төлөөлөгчдийн танхимд энэ хуулийн төсөл илүү их саад бэрхшээлтэй тулгарах нь тодорхой байгаа. Тухайлбал Трампын холбоотон Бүгд Найрамдах Намын зарим төлөөлөгчид Украинд нэмж тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг.

Байден өчигдөр Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ хуулийн төслийг шуурхай хэлэлцэж, батлахыг Конгрессын төлөөлөгчдийн танхимд уриалжээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version