Дэлхий

Дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын статус Японоос Германд шилжив

Нийтэлсэн

Өнгөрсөн оны сүүлийн хоёр улирал дараалан Япон улсын эдийн засаг агшсан нь саяхан нийтлэгдсэн статистик тоо баримтаас ил болжээ.

Ийм үр дүнг албан ёсоор эдийн засгийн уналт (recession) гэж үздэг.

Тухайлбал 2023 оны сүүлийн улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 0.4 хувиар буурсан нь төсөөлж байснаас муу үзүүлэлт байлаа. Эдийн засагчид энэ улиралд ДНБ-ийг хамгийн багадаа 1 хувиар өсөхөөр төсөөлж байжээ.

2023 оны гуравдугаар улиралд ДНБ мөн 3.3 хувиар буурч байсан юм.

Үүнээс гадна Япон нь дэлхийн гурав дахь хүчирхэг эдийн засагтай улсын статусаа Германд алдсан нь шинэ тоо баримтуудаас харагдаж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Олон Улсын Валютын Сан (ОУВС) ам.доллароор илэрхийлбэл Герман дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болж, Японы байр суурийг булаах магадлалтай болсныг мэдээлж байжээ.

Хоёр улсын 2023 оны эдийн засгийн тоо баримт нийтлэгдсэний дараах байдлаар Японы эдийн засгийн хэмжээ $4.2 их наяд, Германых $4.4 их наяд болсон байна.

Гэхдээ энэ нь нэг талаас Японы иений ам.доллартой харьцах ханш суларсны нөлөө бөгөөд иений ханш чангарвал гуравдугаар байраа буцааж авах боломжтой гэж эдийн засагчид дүгнэжээ.

Өнгөрсөн онд иений ам.доллартой харьцах ханш 9 хувиар суларсныг ОУВС мэдээлсэн юм.

Гэхдээ иений сулрал Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд хямд өртөгтэй экспортлох боломжийг үүсгэснээр тус улсын томоохон компаниудын хувьцааны ханшийг өсгөөд байгаа.

Энэ долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн гол индекс Nikkei 225 сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа 38,000-ын босгыг давсан юм. Уг индекс 1989 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүхэн дээд хэмжээндээ (38,915.87) хүрч байжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version