Дэлхий
Умард Солонгосын удирдагчийн дүү Япон улстай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийллээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон өчигдөр тус улс Япон улстай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийлжээ.
Бүр Япон улсын ерөнхий сайдыг Пёньянд урих санааг цухуйлгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд Фүмио Кишида нэгэн арга хэмжээнд үг хэлэхдээ Токио, Пёньяны одоогийн харилцааг өөрчлөх чухал хэрэгцээ шаардлага байгааг хэлж байсан юм.
Ким Ёо Жоны мэдэгдэл нь Кишидагийн ярьсан зүйлд өгсөн хариу бололтой.
Хэрвээ Японы эрх баригчид иргэдийг нь хулгайлсан асуудлыг “саад тотгор” гэж үзэхгүй бол хоёр улсын харилцааг сайжруулахаас татгалзах шалтгаан байхгүйг Ким Ёо Жон хэлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг өчигдөр мэдээлжээ.
Японы иргэдийг Умард Солонгосын тал хулгайлсан гэх асуудал олон арван жилийн турш хоёр улсын дипломат харилцааг хэвийн болгоход тулгарсан гол саад бэрхшээл болж байв.
1970-аас 1980-аад оны үед Умард Солонгосын тал тагнуулчдынхаа хэлний боловсролыг сайжруулах зорилгоор Японы 17 иргэнийг хулгайлсан гэж Токиогийн эрх баригчид үздэг.
Японы ерөнхий сайд хэзээ нэгэн цагт Пёньянд айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ким Ёо Жон өчигдөр бас илэрхийлжээ.
Гэхдээ тэр Умард Солонгост яг одоо Японтой харилцаагаа сайжруулах ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа, Кишидагийн байр суурийг ажиглах, өөрчлөгдөхийг хүлээх бодлого баримталж байгааг мэдэгдсэн байна.
Саяхан Японы хэвлэлүүд ерөнхий сайд Кишида ирэх сарын сүүлээр Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой уулзах талаар төлөвлөж буйг мэдээлсэн юм. Хэрвээ ингэвэл энэ нь Японы ерөнхий сайд Сөүлд айлчилсан хоёр дахь тохиолдол болно.
Эх сурвалж: Yonhap News