Дэлхий

Навальныйн дурсгалыг хүндэтгэсэн олон хүнд Оросын шүүх хорих шийтгэл оноожээ

Нийтэлсэн

Сөрөг хүчний улстөрч Алексей Навальный шоронд нас барсны дараа Оросын олон хотод түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн Бямба, Ням гарагуудад Оросын 32 хотод болсон ийм арга хэмжээнүүдийн үеэр нийтдээ 400 гаруй хүнийг хууль хүчнийхэн баривчилсан тухай OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлжээ.

Тэдгээрийн заримд нь Оросын шүүх хорих шийтгэл оноосон байна.

Зөвхөн Санкт-Петербург хотод 154 хүн 14 хүртэл хоногийн хорих шийтгэл хүлээснийг Оросын эх сурвалжууд мэдээлжээ.

Цагдаа нар иргэдийг баривчлахаас гадна дурсгалын газарт тэдний тавьсан цэцэг, лаа зэрэг эд зүйлсийг хурааж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Навальныйн дурсгалыг хүндэтгэж буй газруудад энгийн хувцастай хууль хүчнийхэн ээлжлэн харуулд гарч байжээ.
Олон жилийн турш өөрийнх нь хамгийн хүчтэй шүүмжлэгч байсан улстөрчийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Тэрбээр нэг сарын дараа болох сонгуулиар дахин зургаан жил ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрхээ олж авах гэж байгаа.

Навальныйн амийг Путиний захиалгаар хөнөөсөн гэж хамтран зүтгэгчид нь үзэж байна.

“Алексей Навальный хайртай Орос орноо ердийн улс болгох ганцхан хүсэлтэй байсан. Үүнийх нь төлөө Путин түүнийг аллаа. Хордуулж, хорьж цагдаж, эрүүдэн шүүж аллаа” гэж талийгаачийн ойрын хамтрагчдын нэг Леонид Волков сошиал хуудсандаа бичжээ.

Навальный 2020 онд үл мэдэгдэх химийн бодист хордож, Германд эмчлүүлснийхээ дараа 2021 онд Москвад буцаж ирээд баривчлагдсан юм. Түүнийг улс төрийн сэдэлтэй олон хэрэгт буруутгаж, нийтдээ бараг 30 орчим жилийн хорих ял оноосон. Хоёр сар орчмын өмнө түүнийг нийслэл Москва орчмын хорих газраас Умард Туйлын чанга дэглэмтэй шоронд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version