Нийгэм

АмЧам Монгол “Монгол Улсын бизнес эрхлэлтийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав

Нийтэлсэн

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2024 оны 2-р сарын 20-ны өдөр “Монгол Улсын бизнес эрхлэлтийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

2-р сарын хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, бизнесийн орчныг тойрсон бэрхшээлүүд, хууль эрхзүйн зохицуулалтуудын талаарх асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захирал В.Энхбаатар, M&E LLP-ийн хамтран үүсгэн байгуулагч Крис Мелвилл, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл хариуцсан газрын дарга Д.Алтанзул, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Ранн Вүүд нар панелистаар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн Тэргүүн Гари Биондо хурлыг удирдан явуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид засгийн газраас бизнесүүдэд илүү сайн хүрч үйлчлэх, төрийн олон үйлчилгээний чанарыг шинэлэг, инновацын арга замаар сайжруулж, хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд онцгой анхаарахыг уриалав.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн дагалдах хуулиуд, тухайлбал газрын тухай хуулийн талаар нийт гишүүдэд тайлбар өгөв.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын захирал В.Энхбаатар тус байгууллагын сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар гишүүдэд мэдээлэл өгч, өнгөрөгч он нэвтэрсэн нэгтгэсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулав. Тэрбээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдний эрх үүргийн зохицуулалт, маргааныг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч байгааг онцоллоо.

Крис Мелвилл, M&E хуулийн фирмийн хамтран үүсгэн байгуулагч хэлэхдээ хууль тогтоомжийн хэрэгжилт нь хөрсөн дээр буухдаа бусад хуулиудтай зөрчилдөх, төрийн үйлчилгээг гардаж хийж буй албан хаагч нар хэрэгжилтийг уялдуулж ажиллахгүй байгаа нь сорилт болж байна гэв.

Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Ранн Вүүд Монгол Улс дэлхийн тавцанд бизнес эрхлэхэд таатай орнуудын жагсаалтын дундуур байр эзэлснийг онцлон тэмдэглээд, хэдий тэнцсэн дүнтэй яваа ч цаашид дүнгээ сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татахын тулд илүү сайн байр суурьтай, илүү шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Монгол Улс зөвхөн өөртэйгөө өрсөлдөөд зогсохгүй бүс нутгийн бусад хөрөнгө оруулагч эрэлхийлж буй орнуудтай өрсөлдөж байгааг мартаж болохгүй хэмээв.

Панелистууд виз олголтоос өгсүүлээд, өргөн хүрээний асуудлууд болох хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эргэн тойрон дахь цаг үеийн асуудлаар болон Монгол Улсад бизнес эрхлэх бодит байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

Хуралд оролцогч АмЧам Монголын гишүүн компаниуд санал асуулгад оролцож дуу хоолойгоо хүргэсэн бөгөөд нийт оролцогчдын 62.5 хувь нь Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй хамгийн хүндрэлтэй зүйл бол хүнд суртал, авлига гэдгийг хэлжээ. Түүний араас төрийн байгууллагуудад зохицуулалт, дэг журам тодорхой бус, хууль дүрмийн хэрэгжилт үр дүн муутай байна гэж үзлээ.

Нийт санал өгсөн гишүүдийн дийлэнх хувь нь гомдол мэдүүлэх цахим системийн тухай өмнө нь сонсоогүй гэж хариулав.

Түүнчлэн, тодорхой журам, дүрмийг төрийн нэгдсэн сүлжээгээр ашиглан ойлголтыг тэгшилж, нэмэлт үйлчилгээнүүдийг үргэлжлүүлэн цахимжуулах, төрийн албан хаагчдад зориулсан боловсрол олгох сургалтын хөтөлбөр, практик мэдлэгийг дээшлүүлэх нэн шаардлагатай байгаа зэрэг саналуудыг гишүүн байгууллагуудаас дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд АмЧам Монгол шинэ гишүүн болох “Clear Corp. Inc.”-г хүлээн авч гишүүнчлэлийн сертификат олгов.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Exit mobile version