Дэлхий

Токио хотын захиргаа байрныхаа ханан дээр дэлхийн хамгийн том видео дүрсийг үзүүлдэг болжээ

Нийтэлсэн

Японы нийслэл Токио хотын захиргаа өөрийн төв байрны ханан дээр шөнийн цагаар проектор тусган дүрс тоглуулах ажлыг Ням гарагт эхлүүлжээ.

Энэ нь дэлхийн хамгийн том проекторын дэлгэц болж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэж байгаа юм байна.

“Tokyo Night & Light” үзүүлбэр нь жилийн турш үргэлжилж, гадаад, дотоодын жуулчдыг татах аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болох гэнэ.

Проекторын дүрс Токио хотын захиргааны нэгдүгээр барилгын зүүн тал руу харсан хананы дөрвөөс 32 дугаар давхрыг хамарсан 14,000 орчим хавтгай дөрвөлжин метр талбайд тусах юм байна.

“Захиргааны байрны ханан дээр урлагийн гайхамшгийг үзүүлэх болно. Би үүнийг хүмүүсийг цуглуулах шинэ үзвэр болно гэдэгт итгэлтэй байна” гэж Токио хотын захирагч Юрико Койке мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх эхний хөтөлбөрийн таван дүрс орой бүрийн 7:00 цагаас тоглож эхлэх юм байна.

Баяр, амралтын өдрүүдэд өөр дүрс тоглогдох ажээ.

Проекторыг нарны эрчим хүчээр голлон ажиллуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Kyodo News

Exit mobile version