Дэлхий

Өмнөд Солонгосын анхны тагнуулын хиймэл дагуул Умард Солонгосын нийслэлийн өндөр нарийвчлалтай зургийг ирүүлжээ

Нийтэлсэн

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сансарт хөөргөсөн Өмнөд Солонгосын анхны тагнуулын хиймэл дагуул Умард Солонгосын нийслэлийн төв хэсгийн өндөр чанартай гэрэл зургийг илгээсэн тухай тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Өмнөд Солонгос түүхэндээ анх удаа өөрийн бүтээсэн тагнуулын хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужийн Ванденбергийн Сансрын Баазаас хөөргөсөн юм.

Ингэснээр тус улс Умард Солонгосын зэвсэгт хүчин болон удирдлагатай холбоотой байгууламжуудыг тойрог замаас бие даан хянах боломжтой болжээ.

Цахилгаан оптик, хэт улаан туяаны (EO/IR) камертай хиймэл дагуул эхний ээлжид нийслэл Пёнян хотыг оролцуулсан Умард Солонгосын бүс нутгуудын зураглалыг газрын станцад ирүүлснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

“Саяхан хиймэл дагуулаас ирүүлсэн зургуудын боловсруулалтын үр дүнгээс харахад чанар нь төсөөлж байсан түвшинд хүрсэн байна. Пёнян хотын төв хэсэг, боомтод байрласан хөлөг онгоцнууд тод харагдаж байгаа” гэж тэр ярьжээ.

Хиймэл дагуул ирэх сараас эхлэн илүү өндөр нарийвчлалтай зургуудыг ирүүлдэг болох юм байна.

Пёнян хотын зурагт яг ямар байгууламжууд дүрслэгдсэнийг эх сурвалж нууцалжээ.

Тус хотын төв хэсэгт Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв байр, удирдагч Ким Жон Уны ажлын өргөө зэрэг байрладаг юм.

Өмнөд Солонгосын тагнуулын хиймэл дагуул энэ оны зургаа, долдугаар сарын орчимд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэнэ.

Ингэвэл тус улс АНУ-ын хиймэл дагуулаас хамааралгүй болж, Умард Солонгосын нутаг дэвсгэрийг тойрог замаас бие даан хянадаг болох юм.

2025 онд Өмнөд Солонгос дөрвөн хиймэл дагуул нэмж хөөргөх ба ингэснээр Умард Солонгосыг илүү сайн хянах боломжтой болох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Exit mobile version