CRI Монгол радио

“Сонгодог бүтээлийн үзэл баримтлал”-аар хөгжин дэвжиж буй Хятад орон

Нийтэлсэн

“Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал” хэмээх таван анги бүхий цуврал киног үзээд Хятадын соёл иргэншил ба түүний залгамж чанар, хөгжлийн зам, соёл уламжлалаа эрхэмлэн дээдлэх ёс, хүн ба байгальтай эвсэг зохицонгуйгаар энх тайвнаар зэрэгцэн орших эрмэлзэл, бүх нийтэд хүртээмжтэй хөгжлийн бодлого гэх мэт олон зүйлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдлээ.

Хятадын соёл иргэншил өнө удаан хугацаанд залгамж чанараа хэрхэн хадгалсаар ирсэн, өнөөгийн Хятад улсын төр засгийн бодлого, хятад хүмүүс болон дэлхий ертөнцтэй харьцах хандлага, хятад хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл уламжлалаа эрхэмлэн дээдлэх ёс зэрэг нь бүгд Хятадын аугаа их сэтгэгч, Күнзийн сургаалыг үндэслэгч, Хятадын соёл иргэншлийн уламжлалын оюун санааны манлайлагч болох Күнзийн сургаал дээр үндэслэн хөгжсөн байна. Өөрөөр хэлбэл, Хятад улсыг, хятад хүмүүсийг илүү их таньж мэдье, энэ улсын хөгжил дэвшлийн нууцын талаар илүү их ойлголттой болъё гэвэл Күнзийн сургаал, Хятадын сонгодог бүтээлүүд, түүх, ёс уламжлалыг судалж үзэх шаардлагатай. Хятадын олон үндэстэн, ястан Күнзийн гүн ухааны нөлөөгөөр хүмүүжин төлөвшиж, соёл уламжлал, ёс жаягаа дээдлэн ирсэн бөгөөд түүгээрээ дамжуулан нийгмийн хэм хэмжээ, ёс суртахууныг сахин хамгаалж, эв нэгдлээ бэхжүүлж, өдгөө Хятадын онцлогтой социализмыг цогцлоон байгуулж, Хятад маягийн шинэчлэл хэмээх үзэл санааг хэрэгжүүлж, өөрийн гэсэн хөгжлийн замаар замнаж, дэлхий дахинтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжихийг ямагт эрмэлзэж байна.

“Зовлон үзээгүй хүн бусдын зовлонг ойлгодоггүй” гэдэг үг бий. Хятад улс олон дайнд нэрвэгдэж, Хятадын ард түмэн хайртай дотны хүмүүсээ алдаж, дарлагдаж, гашуун зовлонг бие сэтгэлээрээ туулсан болохоор ийм зовлонг дахин амсахгүйн тулд Хятад улс өдгөө эв нэгдлээ улам бүр бэхжүүлж, хөгжил дэвшлийг чухалчилж, дэлхий нийттэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, бүх нийтээрээ хөгжин дэвшихийг эрмэлздэг ажээ.

Хятадын соёл иргэншлийн уужуу багтаамжтай, хүртээмжтэй байдаг. “Эв зохицол бүх зүйлийг бий болгодог, харин бүх зүйл адил бөгөөд зүгээр л нэгэн хэвийн байвал эцэстээ устаж үгүй болдог” гэсэн утга бүхий хятад үг бий. Өрнө, дорныг холбосон эртний их “Торгоны зам” ч Хятадын ард түмэн эртнээс юмс үзэгдлийн олон талт, олон янз байдлыг хүндэтгэдэг байсныг илтгэнэ.

Тэртээ Тан, Сүн гүрний үед худалдаа хийхээр Хятадад ирээд суурьшсан еврейчүүд үндэсний хувцсаа өмсөх гэх мэт өөрсдийн ёс уламжлалаа хадгалан үлдсэний зэрэгцээ Хятадын соёл уламжлалаас суралцаж, Күнзийн сонгодог зохиолуудыг уншиж судлан Хятадын соёл иргэншилд зохицон амьдарсаар байгаа юм. Хятад бол 56 үндэстнээс бүрддэг, дэлхийн хамгийн олон хүн амтай улс орон. Ийм олон үндэстэн ястан нэгэн соёл иргэншил, нэгэн дээвэр дор олон мянган жил эв найрамдалтай аж төрж буйн нууц нь угсаа гарал, ёс заншил, шашин шүтлэгээс үл хамааран хүнийг хүн ёсоор хүндэтгэн харилцах, бусдын үнэт зүйлс, олон янз байдлыг хүлцэн хүндэтгэж, тайван замаар зэрэгцэн орших зарчмыг Хятад улс баримталж ирсэнтэй холбоотой ажээ.

Өдгөө БНХАУ илүү нээлттэй бодлого баримталж хөгжлийн хурдаараа дэлхийд тэргүүлж, дэлхийн ДНБ-ий өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж, “Бүс ба Зам”, “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” гэх мэт томоохон санаачилгуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж, дэлхий нийтийн хөгжил, аюулгүй байдалд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа билээ. Энэ бүхэн нь Хятадын ард түмний генд шингэсэн өвөг дээдсийн сургаал, үүх түүх, сонгодог зохиолууд дахь үзэл баримтлалтай салшгүй холбоотой юм. Эртний болон өнөөгийн Хятадын талаар илүү ихийг ойлгоё, Хятадын ард түмнийг илүү танин мэдье, Хятад улстай зэрэгцэн хөгжье гэвэл Хятадын сонгодог зохиолуудын үзэл баримтлалтай танилцаж, судалж үзэх нь зүйтэй.

Г.Солонго

Exit mobile version